- Солонгос мафи
“Ханамаса” зоогийн газрын дэргэд байдаг нэгэн бааранд солонгос иргэд хөлчүүрхэн зодолдож, багагүй үймээн үүсгэжээ. Уг зодоонд оролцсон солонгос иргэд нь Монголд бизнес эрхэлдэг компаний захирал байсан аж. Мөнгө, хөрөнгийн асуудлаар хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд тэдний зарим нь бусдыгаа дарамталж татвар авдаг байсан байна. Хоорондоо хагаралдсан тэдний нэг нь нутгаасаа мафийн гишүүдтэй холбоотой байж болох зургаан хүнийг дуудсан ба нэг иргэн нуруун тус газартаа гурван удаа хутгалуулсан байжээ.
- АПУ-ийн маргаан
АПУ ХК-нийг хувьчлах ажил өрнөж, гэрээ ёсны дагуу худалдаж авсан боловч хуучин захирлын үйлдлээс болж түүнийг шүүхэд өгсөн байна. Учир болвоос, хуучин “АПУ” ХК-ийн ТУЗ-ийн гэрээнд төрийн өмчийн 51 хувь бусдад шилжвэл уг гэрээ хүчингүй болох тухай заалт байжээ. 11-р сарын 21-ний өдөр тус компаний 51 хувийг худалдаж авсан тул тэрхүү гэрээ хүчингүй болох ёстой атал хууль ёсны захирагч биш болсон С. Жамъянсүрэн үйлдвэр рүү нэвтрүүлэхгүй, хүнд суртал гаргаж байсан тул ийнхүү хуучин болон шинэ 2 удирдлагууд хоорондоо хагаралдахад хүрчээ.
- Нууц алт
Сөүл-Улаанбаатар чиглэлийн “Аэробус 310” нисэх онгоцны экипажийн дарга БНСУ-ын хилээр 4.5 кг алт оруулах гэж байгаад баригджээ. Уг мэдээг авсан даруйд Солонгосын талаас хэрэгтнийг саатуулж, онгоцыг барьцаалах хүртэл яриа гарчээ. Олон улсын иргэний агаарын тээврээр контрбандын хэрэг үйлдвэл онгоцыг нь барьцаалдаг дүрэм журам байдаг тул ийнхүү барьцаалах тухай хэлэлцсэн байна. Гэхдээ Сөүлд байсан МИАТ-ийн төлөөлөгч Солонгосын холбогдох байгууллагуудтай сайтар зөвшилцсөний үр дүнд онгоцыг барьцаалалгүй нисгэсэн аж.
- Бууны сум зөөвөрлөхийг завдав
Нууцаар алт тээвэрлэх гэсэн бүтэлгүй оролдлогын дараахан Берлин-Улаанбаатар чиглэлийн “Аэробус-310” онгоцны ахлах үйлчлэгч Б нь бууны сум нэвтрүүлэхийг завдсан байна.Монголоос гадаадын улс орнууд руу хууль бусаар бараа тээвэрлэн зөөх үзэгдэл олширсон бөгөөд тухай бүрт гааль, нисэхийн албан хаагчид, дарга нар нэр холбогддог нь олон улсын тавцанд Монголын нэр хүндийг ихээр сэвтүүлж буй юм.
- Хувийн компаниас цалинжиж байв
Санхүүгийн улсын хяналт шалгалтын газраас Архангай аймагт төсвийн хэрэгжилтийн талаар шалгалт хийж байх явцад тус аймгийн удирдах болон захиргааны хэд хэдэн албан хаагч нар Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг зөрчин, “Монгол газар” ХХК-тай гэрээ байгуулан, сар тутам цалинжиж байсан зөрчил илэрч байжээ.
- 1.7 тэрбум төгрөгийн хохирол
ГЕГ-ийн дарга асан М нь ХБНГУ-ын “Хайманн” компаниас 1.7 тэрбум төгрөгийн үнэтэй рентген төхөөрөмж худалдан авсан байна. Чингэлэг доторхи барааг өнгө, төрөл зүйлээр нь ялгаж харах чадвартай хэмээх тэдгээр төхөөрөмж нь үнэн хэрэгтээ хоосон эсэхийг л шалгахаас цаашгүй байсан тул үхмэл хөрөнгө болон ашиглагдахгүй хоцорсон юм. Мөн түүнчлэн Монголын гаалийнхантай гэрээ хийж, уг төхөөрөмжийг нийлүүлсэн газар нь ганц гишүүнтэй, жижиг компани бөгөөд “Хайманн” компаниас төхөөрөмжийг шууд худалдаж аваагүй зуучлагчаар дамжуулсан байжээ. Ийнхүү татвар төлөгчдийн мөнгөөр өндөр үнэ бүхий хэрэгцээгүй төхөөрөмж худалдан авч, хохирол учруулсан ноцтой хэрэг мандаж байсан байна.
- Тендерийн будилаан
Хүнс, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д-ийн гаргасан шийдвэрийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээс хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгосны зэрэгцээ прокуророос түүнд эрүү үүсгэн шалгасан байна. Тодруулбал, түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, малын шимэгч устгах эм нийлүүлэх тендерийн дүнг будилаантуулсан гэдэг үндэслэлээр буруутгасан байна.
- Тэсрэх бодис
Цагдаагийн ажилтнууд ихээхэн хэмжээний “аммонит” хэмээх тэсрэх бодис тээвэрлэж явсан хүмүүсийг саатуулсан байна. Уг бодис нь уул уурхайн зориулалттай, орчиндоо багагүй аюултай аж. Гурван тонн “аммонит” тэсрэх бодисын нэг тонн нь зарагдсан байсныг илрүүлжээ.
- ДТГ-ын бүрэлдэхүүний гишүүний осол
Монгол улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа ЭСЯ-ны жолооч согтуугаар автомашин жолоодож яваад хүн дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Тухайлбал, тухайн үеийн УИХ-ын дарга асан Төмөр-Очирын Францад хийсэн албан ёсны айлчлалын үеэр автомашин нэмж авах шаардлага гарсан тул Брюссель дэх ЭСЯ-ны хоёр тэргийг авч хэрэглэсэн байна. Айлчлал өндөрлөсний дараа уг хоёр автомашиныг Брюссельд буцаан хүргэх явцдаа жолооч нь архи ууж, согтууран Франц-Бельгийн хилийн ойролцоох өндөр хурдны зам дээр авто тээврийн ноцтой ослыг гаргасан байна.
- Тамхины наймаа
Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны ерөнхий консул асан Ц нь тамхины хууль бус наймаанд нэр холбогдсон учир түүнийг эгүүлэн татсан. Тэрбээр дипломатын эрх ямбыг ашиглан ОХУ, Украйнаас тамхи авч Чех, Польш, Герман зэрэг оронд аваачин наймаалдаг байжээ. Мөн түүнчлэн тамхины наймаандаа өөрийн эхнэр хүүхэд болон элчин сайдын яамны жолооч нарыг ч татан оролцуулдаг байсан бөгөөд өөрийн хүү, охин хоёртоо “Д” серийн буюу дипломат паспортыг албан тушаалаа ашиглан олгосон байна. Эрхэм консулын эхнэр нь 60 гаруй хайрцаг тамхи ачсан микроавтобустай явж байгаад Львов хотод машин, бараагаа алдаж байсан зөрчил өмнө нь гарч байжээ.
- Хуурамч чек
Хэсэг хүмүүс хуурамч чек ашиглан “Анод” банкнаас олон сая төгрөг луйвардсан байна. Тухайлбал, “Сивик” ХХК-ийн захирал асан Г, “Ханхүүбат” ХХК-ийн захирал асан Б, “Сивик” ХХК-ийн ажилтан, “Хос маника” ХХК-ийн захирал асан Д нар бүлэглэн 850 мянга гаруй ам.доллар завшжээ. Энэхүү хэргийн тухай баримтууд тодорч, мөрдөн байцаалтаар тогтоогдсон хэдий ч прокурорынхон дээрх хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноор тус банк хохирлоо барагдуулах боломжгүй болсон байна.
- Алтны уурхай дахь хэрэг
“Монгол-Болгар гео” улсын үйлдвэрийн газрын Баянхонгор аймгийн Баян-Овоо суман дахь алтны уурхайд иргэд амь насаа алдсан тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Тодруулбал, тус уурхайн хориотой бүсэд нэвтэрсэн иргэнийг Баян-Овоо дахь уурхайн орлогч дарга буудсан байна. Тухайн уурхайн ойр хавьд орд газрыг алтны уурхайчид хүрээлэн амьдардаг бөгөөд шөнийн цагаар уг компаний онцгой обьект руу нэвтэрсний улмаас нурангид даруулах, буудалцаанд өртөх зэргээр хохирдог аж. Жилийн хугацаанд нийт 37 хүн хууль бусаар алт олборлож байгаад амь насаа алджээ.
- Хуурамч паспорт
Гадаад хэргийн яамны нөлөө бүхий зарим ажилтнууд болон хил, гаалийн албаны хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэн Солонгост ажиллах сонирхолтой хүмүүсийг албан ба дипломат паспортоор гаргадаг байжээ. Хэрэг шалган мөрдөх явцад зарим нэгэн албан тушаалтны албан паспортаар 12 мянга гаруй хүн, дипломат паспортаар 1600 гаруй хүн явсан тооцоо гарчээ.
- “Алтжин” компаний зөрчил
Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “Алтжин” компаний захирал А болон Ж нар тусгай зөвшөөрөлгүйгээр ихээхэн хэмжээний талбай эзэлсэн хашаа хатгасан үйлдлийг таслан зогсоох зорилгоор улсын байцаагчид очин шаардлага тавьжээ. Гэвч тус компаний ажилчид шаардлагыг эсэргүүцэн, бие хамгаалагч нар нь дөрвөн байцаагчийг зодож, заримыг нь боож унагасан байна.
- Гадны компани их хэмжээний хахууль өгөв
Японы Мициу энд Ко компаний ажилтан Монголын засгийн газрын дээд албан тушаалтанд их хэмжээний мөнгөн хахууль өгсөн тухай мэдээ Японы хэвлэлээр ихээхэн шуугисан билээ.
Мициу энд Ко компаниас өмнө нь Орос-Японы хооронд маргаантай буй Кунашири аралд цахилгааны төсөл хэрэгжүүлэх явцад тус компаний мэргэжилтэн хууль бус ажиллагаа явуулсныхаа төлөө шоронд хоригдсон байна. Улмаар цагдаагийн газраас түүнийг шалган байцаах явцад тэрбээр Монголд хэрэгжүүлж буй хөдөөгийн сумдад дизель станц байгуулах төслийн тендер шалгаруулалтын үеэр томоохон албан тушаалтанд нэг сая 300 мянган иений хахууль өгсөн тухай дурьджээ. Японы сонин, мэдээллийн хэрэгслүүдээр хахууль авсан уг албан хаагчийг Дэд бүтцийн яамны Түлш, эрчим хүчний бодлого зохицуулалтын газрын дарга асан С гэж мэдээлж байсан. Учир нь тэрбээр Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй Монголын сумдыг цахилгаанжуулах төслийн Монголын талын удирдагч, сүүлийн шатны гэрээнд гарын үсэг зурсан хүн аж. Түүний цаана Монголын төр, засгийн өөр өндөр албан тушаалтан байсныг ч үгүйсгэхгүй билээ.
Эх сурвалж: Өнөөдөр Сонин, 2002 он
Leave a Reply