Одоогоос 20 жилийн өмнө Монголын улс төр, нийгмийн орчинд ямар хэргүүд гарч, тухайн үеийн өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олныг шуугиулж байсан талаар эргэн санацгаая.
Дэс дугаар нь ямар нэгэн эрэмбэ, дарааг илэрхийлээгүй болно.
- Спирт, хуурамч архи
Хууль бусаар спирт тээвэрлэсэн, оруулж ирсэн хэргүүд урьд жилүүдэд олонтаа тохиолдож байсны адилаар 2000 онд ч мөн хэд хэдэн гарсан билээ. Үүний нэг нь шинэ он гараад удаагүй байхад том оврын, ачааны 4 машин улсын хилээр хууль бусаар орж ирсэн байж болзошгүй 20 орчим тонн спиртийг тээвэрлэж түүнийгээ нэхий болон махаар бүтээн, хулгайн замаар явж байхад нь Өвөрхангай аймгийн цагдаагийн ахлагч саатуулсан байна. Онцлууштай нь уг машины цувааг цагдаагийн ахмадын дүрэмт хувцастай хүн тусгай машинаар дагуулж явж байжээ.
1-р сарын 4-ний өдөр Замын-Үүдийн боомтоор 11 тонн спиртийг гаальд хатуу чихэр хэмээн мэдүүлэн нууж оруулахыг завдаж байв.
Баянзүрх дүүргийн харьяат иргэн Ж нь нэг тонн 100 литр спирт зарж байхад нь зөрчлийг илрүүлсэн байна. Түүнийг худалдаж авч байсан Дархан-Уул аймгийн харьяат Б нь хуурамч архи их хэмжээгээр хийдэг байсан этгээд болох нь тогтоогджээ.
Баянлиг компани нь мөн 10 тн спиртийг хууль бусаар оруулж ирсэн бөгөөд үүнд туслалцаа үзүүлсэн гэх цагдаагийн хоёр албан хаагч 1,5 сая төгрөгийн хахууль авсан болохоо хүлээсэн байна.
Улсын иргэний хамгаалах газрын штабын дарга Б нь гэртээ хуурамч архи үйлдвэрлэж байжээ. Түүний гэрээс нийт 1080 ширхэг буюу 54 авдар хуурамч архи байгааг мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч хуурамч архи үйлдвэрлэгчдийг 25 мянган төгрөгөөр торгоод л өнгөрч байсан байна.
Үүнээс харахад Монголд спирт болон хуурамч архины арилжаа, наймаа эд хүчээ авсан байжээ.
- Монгол-Оросын хил дээр гарсан ноцтой зөрчил
2000 оны 1-р сарын 13-ны өдөр Монгол улсын хилийг ОХУ-ын Тувагийн нутаг дэвсгэрээс зэвсэглэсэн хүмүүс зөрчин орж ирж, Завхан аймгийн Тэс сумын нэг өрх айлын хоёр хүний амь насыг хохироож, олон тооны мал хулгайлан явсан хэрэг гарсан.
Олон улсын эрх зүйд аливаа улсын хил халдашгүй дархан байх зарчим хатуу чанга мөрдөгддөг бөгөөд ийнхүү Монгол улсын хилийг нэвтрэн, дээрэм тонуул хийсэн явдал нь хил орчмын бүс нутгийн дэглэмийг чангатгах томоохон анхааруулга болсон юм. Урьд урьдын жилүүдэд улсын зах хязгаарын нутгуудад оршин суудаг малчин иргэд хоёр талаас хилийн зөрчил гаргах тохиолдлууд байсан ч, ноцтой хэрэг гардаггүй байсан ба харин энэ удаагийн томоохон хэргээс үүдэн МУ-ын ГХЯ, ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-нд эсэргүүцлийн нот илгээж, Ерөнхийлөгч Н. Багабанди онцгой анхаарал хандуулан, гэмт этгээдүүдийг илрүүлж баривчлах ажиллагаа явуулах болон ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбоо барьж хамтран ажиллахыг үүрэг болгосон билээ. Монгол улс ЗХУ-тай 1958 онд Тувагийн хэсэг орчмоор хилийн зурвас тогтоож, гэрээ байгуулсан байдаг юм.
- Мансууруулах бодис их хэмжээгээр үйлдвэрлэжээ
Монгол-Хятадын хамтарсан “Зэт энд Эм” ХХК-ийн харьяа Баянхонгор аймаг дахь Зээргэний үйлдвэрт хууль бусаар их хэмжээний мансууруулах бодис үйлдвэрлэж, ажилчдаар байгаль орчин, хүн ам зүйд хор нөлөөтэй бүтээгдэхүүн хийлгэж байжээ. Тухайлбал, Баянхонгор аймаг дахь Зээргэнийн үйлдвэрийн эзэд болох БНХАУ-ын иргэн Ц болон Монгол улсын иргэн Б нар Макао, Тайланд, Хятад, Казахстан, Хонгконг, Филиппин, БНСУ зэрэг улсуудад мансууруулах бодисын бизнес эрхэлдэг болох нь тогтоогджээ. Зээргэнийн үйлдвэрээс эцсийн бүтээгдэхүүнээр маш хүчтэй, мансууруулах бодисын түүхий эд болох эфедрин хэмээх бодис 6,5 тонныг үйлдвэрлэсэн байв. Тооцоолвол ийм хэмжээний эфедрин нь 455 сая хүнийг мансууруулахад хүрэлцэх хорт бодис юм.
- “Зууны Шилдэг Луйвар”
Монголын Үндэсний телевизээр “Зууны Шилдэг Луйвар” нэртэй зургаан цуврал нэвтрүүлэг цацагдсан нь олны анхаарлыг ихэд татсан. Уг нэвтрүүлгээр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой улс төрийн хүрээнд хөшигний цаана ямархуу булхай, хээл хахууль, дарамт шахалт болон өрсөлдөөн явагддаг болохыг харуулсан бөгөөд үүнээс үүдэн тухайн үеийн МУ-ын Ерөнхийлөгч Н. Багабанди ихээхэн шүүмжлэлд өртсөн билээ. Уг үйлдвэрийн захирал асан Ш. Отгонбилэг нь нэр хүнд гутаасан хэмээн үзэж, уг нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч болох Ц. Оюундарийн нэр дээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Улмаар Баянзүрх дүүргийн шүүхээс Ш.Отгонбилэгийн нэр хүндийг сэргээж, улсын хөрөнгө шамшигдуулсан нь тогтоогдоогүй хэмээн үзэж, Ц. Оюундарийг буруутгасан байна.
- Хууль Зүйн Яамны эмнэлгийн даргын танхайрал
Хилийн цэргийн төв эмнэлгийн тасгийн эрхлэгч, дэд хурандаа Ч нь өвчтөнүүддээ хайнга хандаж, зохих ёсны арга хэмжээ авдаггүй байсны сацуу өөрийн тасгийн эмч нараа зодож дарамталдаг байжээ. Нэг удаа эмчийн буруугаас болж нэгэн өвчтөн хагалгааны дараа нас барсан ба үүний улмаас цолоо бууруулахад хүрсэн ч, мөнгөн дүнгээр торгуулиад өнгөрчээ. Харин үүний дараа тэрбээр хувийн өс хонзон санаж, архи уусныг нь хэлсэн хэмээн нэг өрөөнд суудаг эмчээ коридорт хөөн гаргаж, дарамталж байжээ. Энэ үетэй зэрэгцээд Хилийн цэргийн эмнэлэг ХЗЯ-ны харьяа болсон байна. Гэвч удалгүй ХЗЯ-ны сайдын тушаалаар эмнэлгийн даргаар өнөөх Ч ажиллахаар болсон тухай нийтлэл хэвлэгдэж байжээ.
- Эрчим хүчний салбарын хувьчлах тухай
“AES Ориент” компаний зүгээс Монголын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах санал хүргүүлж байжээ. Тухайлбал, Улаанбаатарын гурван цахилгаан станц, цахилгаан болон дулаан дамжуулах шугам, Багануурын уурхайг хамтад нь хувьчилж авах саналыг тавьсан юм. Үүнтэй холбоотойгоор, АНУ-ын дэд Ерөнхийлөгч А. Гороос МУ-ын Ерөнхийлөгч Н. Багабандид эрчим хүчний салбарын хувьчлалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн захидал хүртэл ирүүлж байв. Улс орны өдөр тутмын амьдрал хийгээд үндэсний аюулгүй байдалд онц чухал байр суурь бүхий эрчим хүчний салбарыг ийнхүү гадаадын компанид хувьчлах эсэх асуудал олон хүний анхаарлыг татахын зэрэгцээ айдас төрүүлж байлаа.
- Саналын хайрцаг алга болов
Сонгуультай холбоотойгоор түүний үр дүн, тооллогын тухай будлиан гарсан талаархи баримтууд олноор дэлгэгддэг. Үүнтэй адилаар 2000 оны сонгуульд ч мөн адил дараах асуудлууд сөхөгджээ.
УИХ-ын 60-р тойрогт 7:00 цагаас эхэлж авах ёстой байтал 6:00 цагаас өмнө санал аваад эхэлчихсэн байсан төдийгүй, Горхийн аманд дадлага хийж байсан 280 гаруй оюутнуудаас хайрцгаар санал авчээ. Мөн дээрх оюутнуудад 23 дугаар хэсгийн хорооноос сонгогчийн үнэмлэх өгсөн байжээ. Түүнээс гадна жилийн өмнө нас барсан хүний нэр дээр үнэмлэх гаргасан зэрэг зөрчлүүд гарсан байна.
10-р сарын 1-нд нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр дараах явдал болжээ. НИТХ-ын 32,33,6,7-р тойргуудын хэсгийн дарга болон нарийн бичгийн дарга нар сонгогчдын саналыг тоолж дууссанаас хойш алга болоод, дараа өдөр нь тооллогын баримтаа тойргийн хороонд авчирч өгчээ. Ингэхдээ тэд огт тэмдэглэгээ хийгээгүй 99 ширхэг саналын хуудас нэмж хийснийг хүчинтэйд тооцсон байна.
- Тусгай архивын газрын даргын гэрээс нууц материалууд олдов
Тухайн үед ТЕГ-ын тусгай архивын дарга асан Т-ын гэрээс “улсын маш нууц, онц чухал” материал олдсон байна. Улсын нууцыг хамгаалах ёстой үүргээс няцаж, хувьдаа авсан уг үйлдэл нь мэргэжлийн ёс зүй болоод зарчмын хувьд байж болшгүй том хэрэг билээ. Уг материалуудын агуулгын талаар олон нийтэд зарлаагүй тул олон нийтийн дунд янз бүрийн таамаг бий болсон байна. Үүнээс хамгийн их яригдаж буй таамаг нь Барон Унгерний алтны тухай баримт бичгүүд байж болзошгүй хэмээх яриа юм. Гэхдээ тэдгээр нууц материалууд нь сүүлийн үе буюу 1970, 1980-д оны үед хамаарах, маш үнэ цэнэтэйд тооцогдох баримтууд байж болох талаар мөн таамаг дэвшжээ.
- 8 давхараас үсэрч амиа алдсан бүсгүй
2000 оны 10-р сарын 11-ний өдөр БГД-ын IV хорооллын орчим нэгэн эмэгтэй найман давхраас унаж амь насаа алджээ. Цагдаа нар хэргийн газар очиход уг эмэгтэй амьд байсан бөгөөд тодорхой хэмжээгээр ярилцжээ. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт хүргэсний дараа удалгүй амьсгал хураасан байна. Энэхүү эмэгтэй нь тухайн үеийн БГД-ийн Засаг дарга Э-ийн гэргий байжээ. Уг хэргээс өмнө талийгч нь Шархадны эмнэлэгт 21 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан тухай мэдээгээр гарч байв.
- Төслийн удирдагч машинаа булаалгажээ
Данийн Засгийн газраас үзүүлж буй буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоонд хэрэгжүүлж буй “Данида” хэмээх төслийг удирдаж байсан 48 настай Данийн иргэн нь “Гарнет” ХХК-иас Тоёота Ланд круизер 100 маркийн машиныг 44,000 ам. доллараар худалдан авчээ. Гэвч машин 10,000 км явсны дараа гэнэт шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг машиныг хураан авчээ. Уг машиныг анхлан худалдаж авсан компани нь ломбарданд тавьсан байсан бөгөөд авах ёстой хугацаа нь өнгөрсний дараа худалдсаны улмаас дараах зөрчил үүссэн ажээ.
- УИХ-ын гишүүн асныг шоронд буудав
Зайсан дахь 401-р хорих ангид ял эдэлж байсан УИХ-ын гишүүн асан Э-г харуулын цэрэг бууджээ. ШШБЕГ болон Дотоодын цэргийн 05 дугаар хорооны штабаас уг хэргийг хүлээн зөвшөөрч, цэргийн албан хаагч нь дүрмийнхээ дагуу үүргээ биелүүлсэн хэмээн тайлбар өгсөн бол, хохирогч Э нь уг явдлыг санаатай явдал хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Хэрэг гарсан орой тэрбээр байр руугаа явахдаа, хашааны дунд байдаг хаалга руу дөхөж очих үед харуул түүнийг зогсоожээ. Ээлжийн ахлагчдаа илтгэсний дараагаар нь өөр рүү нь гал нээсэн гэж хэлжээ.
- Их хэмжээний мөнгө залилаад гадаад руу зугтахыг завдсан хурандаа
Хилийн цэргийн удирдах газрын 30 офицер Египетэд 45 хоногийн сургалтанд суугаад буцаж ирсэн байна. Гэтэл уг бүрэлдэхүүнд багтаж явсан, ХЦУГ-ын Сургалтын албаны дарга хурандаа Б Египетээс Москвад ирээд “эхнэр, хүүхдийн бие муу, эмчлүүлэх шаардлагатай” гэсэн шалтгаанаар үлджээ. Ингэхдээ тэрбээр оргохоор эртнээс зэхэж байсан нь сүүлд тодорхой болсон юм. Тухайлбал, өөрийн охиноо нэг жилийн өмнө нь америк хүнд үрчлүүлж, АНУ-руу явуулсан байв. Харин Б Египет явахаасаа өмнөхөн сайн таньдаг хэд хэдэн ченжээс 6000-7000 доллар авчээ. Харин үүний дараахан эхнэр С нь мөн 15000 доллар аваад сураггүй болсон бөгөөд нөхрөө Москвад очиход тосч уулзжээ.
- Хоёр сая сум олджээ
СБД-ийн нутаг дэвсгэрт орших “Хос анд” ХХК-ийн агуулахад 200 гаруй авдар сум хадгалагдаж байжээ. Гуравдугаар сургуулийн хойд талд орших байранд үйл ажиллагаа эрхэлдэг уг компани нь нэг өрөөгөө агуулахын зориулалтаар ашигладаг байна. Нэг авдарт ойролцоогоор 10,000 сум багтах бөгөөд үүнээс тооцоолвол нийтдээ 2 сая гаруй ширхэг ангийн бууны сум олдсон байна. Эдгээрийг “Но Би Эн” ХХК-ийн менежер А гэгч хүн хадгалуулсан хэмээн мэдүүлсэн бөгөөд дээрхи хоёр компаний аль нь ч галт зэвсэг хадгалах, борлуулах эрхгүй байжээ. Ийнхүү орон сууцанд, зориулалтын бус нөхцөлд олон сая сум хадгалж байсан нь олон хүний амийг эрсдүүлж мэдэх ноцтой аюул үүсгээд байв.
- Э. Бат-Үүлийг баривчлав
Ардчилсан хувьсгалын лидерүүдийн нэг болох С. Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Э. Бат-Үүлийг сэжигтнээр татан, хэд хэдэн удаа байцаасны эцэст 2000 оны 8-р сарын 9-ний 18 цагийн үед гэнэт баривчилсан. Үүний дараагаар олон улс төрийн зүтгэлтнүүд хууль бус ажиллагаа явагдаж буй тухай дурьдаж, эсэргүүцлээ илэрхийлж байжээ. Э. Бат-Үүлийг гурван долоо хоног хорьсны эцэст 21 дэх хоног дээр нь батлан даалтад гаргахаар нийслэлийн хяналтын прокурор шийдвэрлэжээ.
- УИХ-ын даргад халдав
УИХ-ын гишүүний бие, амь насыг халдашгүй дархан эрхээр хамгаалсан байдаг билээ. Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан, тухайн үеийн УИХ-ын гишүүн О-ийн бие хамгаалагчдын нэг нь УИХ-ын дарга Л. Энэбишийг боомилсон явдал гарчээ. Ш. Отгонбилэгээр УИХ-ын байнгын хороодын аль нэгийг удирдуулаагүйгээр барахгүй Засгийн газрын гишүүнээр нэр дэвшүүлэх магадлалыг нь хаахад нөлөө үзүүлсэн хэмээн эрхэм гишүүн УИХ-ын даргатайгаа шөргөөлцсөнөөс уг хэрэг явдал үүдэлтэй болов уу хэмээн хэвлэл мэдээллийнхэн болон улс төрийн хүрээнийхэн таамаглацгааж байжээ.
- Зэсийн баяжмал хулгайлагдав
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн төмөр замын цехэд үйлчлэгч А болон техникийн хяналтын шалгагч С нар үйлдвэрээсээ гурван вагон баяжмал хулгайлж, хятадуудад зарах гэж байсан байна. Тухайн үед нэг вагон зэсийн баяжмал ойролцоогоор 70 сая төгрөгөөр үнэлэгддэг байжээ. Тиймээс эртнээс төлөвлөн, уг хэргийг үйлдсэн хэмээн цагдаагийнхан таамаглаж байв.
- Зэвсгийн хулгай
Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангиас байлдааны хуягт машины пулемётын 28 ширхэг гол төмөр, нэг ширхэг пулемёт алдагджээ. Энэхүү хэргийг тус ангийн тагнуулын албаны дарга, дэд хурандаа Г үйлдсэн болохыг олж илрүүлжээ. Тэрбээр бууны гол төмрүүдээ бүгдийг нь зах дээр сум зардаг ченжүүдэд зарсан байсан бол бүтэн буугаа гэрийнхээ шалан дор газар ухан булсан байсан байна. Уг цэргийн ангиас өмнө нь “Макаров” буу болон Калашниковын автомат бууны олон тооны хутган жад хулгайд алдагдаж байжээ.
- Засгийн газар дур мэдэн бонд гаргажээ
УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр эрхэм гишүүн Р.Содхүү мэдээлэл хийж, Засгийн газар УИХ-ын зөвшөөрөлгүйгээр 21 тэрбум төгрөгийн бонд гаргасан талаар мэдэгдэл хийв. Засгийн газар нийт 52,6 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийсэн. Үүний 35 тэрбумд нь УИХ зөвшөөрөл олгосон бол үлдсэн 21 тэрбумыг нь Засгийн газар дур мэдэн гаргасан гэж тэрбээр үзжээ.
- Сэргээн босголтын банк
Тухайн үеийн Сэргээн босголтын банкны ерөнхий захирал Г, орлогч захирал Ч, Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын захирал А болон бусад удирдах ажилтнууд албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээлийг хууль бусаар олгож төрд хохирол учруулсан хэрэг гарсан байна. Тиймээс СБД-ийн шүүхээс зээлийн өрийн нийт үлдэгдэл 1,272,093,700 төгрөг дээр нь СХД-ийн салбарын захирал байсан А-ийн “Талх Чихэр” ХК-ийн нэр дээр хуурамч данс нээн 509,9 сая төгрөгийн зээл хэлбэрээр бичиж авсан мөнгө гээд нийт 1,781,993,700 төгрөгийн өрийг төлж барагдуулахыг төрийн нэрийн өмнөөс нэхэмжилсэн байна.
Эх сурвалж: Өдрийн Сонин, 2000 он
Leave a Reply