Монгол-Оросын дипломат харилцааны 98 жилийн ой тохиож байна

, , Leave a comment

Богд хаант Монгол Улсын Ардын Засгийн газар, Орос Улсын Засгийн газартай Найрсаг харилцаа тогтоох тухай гэрээг 1921 оны энэ өдөр байгуулжээ. Тус гэрээ нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндэс болж дипломат харилцаатай болсон юм.

Дээрх гэрээг “Монгол, Оросын хоорондын найрамдлын барилдлага байгуулах тухай Монголын Ардын Засгийн Газар ба Зөвлөлийн Засагт Орос Улсын Засгийн Газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг” гэж албан ёсоор нэрлэдэг байна.

Монгол Ардын Засгийн газар өөрийн орны туурга тусгаар байдлыг бэхжүүлэх, улс төр, нийгмийн шинэ тогтолцооны үндсийг тавьж, ахиулахад чиглэсэн бодлого, идэвхтэй үйл ажиллагааг явуулж байсны нэг нь “үндэсний тусгаар тогтнолоо сэргээх зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Зөвлөлт Орос Улстай нөхөрлөх нь чухал” гэсэн шийдвэр байжээ. Энэ шийдвэрийн дагуу 1921 оны 10 дугаар сарын сүүлчээр Намын төв хорооны дарга бөгөөд Сангийн сайд С.Данзан, Цэргийн яамны сайд Д.Сүхбаатар, Гадаад яамны дэд сайд Б.Цэрэндорж тэргүүтэй Ардын Засгийн газрын төлөөлөгчид Зөвлөлт Орос Улсад айлчлан найрамдлын хэлэлцээр хийжээ. Улмаар 11 дүгээр сарын 5-ны өдөр буюу тухайн үеийн Монголын цаг тооллоор олноо өргөгдсөний 11 оны намрын адаг сар буюу 10 дахь сарын шинийн 6-ны өдөр уг гэрээнд гарын үсэг зурсан байна.

Монгол Улсаас гадаад улстай эрх тэгш зарчимд тулгуурлан байгуулсан энэхүү анхны хэлэлцээр нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хамгийн эгзэгтэй үеийн эрх зүйн чухал суурь баримт бичиг болсон. Учир нь хоёр улс бүрэн эрхт дипломат болон консулын төлөөлөгчөө харилцан солилцохоор тохирсон нь бие биеийнхээ бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж олонх судлаачид үздэг.

Богд хаант Монгол Улс, Зөвлөлийн Засагт Орос Улс 1922 онд Улаанбаатар, Москва хотод харилцан Элчин сайдын яамаа байгуулжээ.

ХХ зуунд Монгол улс Орос улстай байгуулсан анхны гэрээний монгол эх
 

Leave a Reply