2005 оны дуулиант хэргүүд

, , Leave a comment

  • Төрийн түшээдийн зодоон

Барилга, хот байгуулалтын сайд асан “Фортуна” Б болон УИХ-ын гишүүн асан “Ажнай” Б нар БХБЯ-ны байранд хоорондоо зодолдцгоожээ. Тухайлбал, тэд халамцуу байсан бөгөөд томоохон бизнесийн тухай ярианаас болж, муудалцан нударга зөрүүлэхэд хүрчээ. Харин уг маргааныг таслахаар Чингэлтэй дүүргийн цагдаа нар очсон боловч рапортандаа бичилгүй хав дарсан юмсанж.

  • Монголросцветмет нэгдэл

Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирал асан Б нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Монголросцветмет” нэгдлээс тусгаарлаж, өөр компани байгуулжээ. Ийнхүү өрх тусгаарлахдаа 1 тэрбум төгрөгийн таслан авч “Монголросцветмет БҮК” компанийг байгуулсан ч, дундаас нь их хэмжээний хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэмээн үзсэн тул цагдаагийн байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан аж.

  • Дахиад л хар тамхи

Болгар дахь Монголын Элчин сайдын яамны зөвлөх, дипломат ажилтан Ш нь Болгарын хоёр иргэний хамтаар 120 кг хар тамхи өөрийн машинаараа тээвэрлэж яваад Софигийн цагдаа нарт баривчлагджээ. Улмаар уг мэдээллийг BBC, Франсс пресс зэрэг мэдээллийн агентлагууд дэлгэрэнгүй тайлбартайгаар цацаж байв. Өөрийн автомашиндаа тээвэрлэж явсан тэрхүү их хэмжээний хар тамхиа Турк руу гаргах гэж байсан хэмээн үзсэн бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр Болгарын Дотоод явдлын яамны ажилтнууд монголын дипломатчийг 5 сар мөрдсөний эцэст ачаа хөсөг болон хамсаатнуудтай нь баривчилсан ажээ. 

  • Бичигтийн боомт

Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын гаалийн дарга асан Д-г хууль бус наймааны сүлжээнд орсон, олон арван машин хар төмрийг хил давуулж наймаалсан хэмээн цагдаагийнхан баривчлан хорьсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр 5 тонн гэж мэдүүлсэн хар төмөр БНХАУ-д очоод жигнэхэд 40 тонн болсон гэх мэт худал мэдүүлсэн, мөнгө гувчуулсан олон ноцтой баримтууд дэлгэгдсэн ажээ. Үүнтэй адил төстэй олон зөрчлүүд гаалийн байгууллагын 

  • Сонгогчийн үнэмлэх

Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбоотойгоор нэгэн асуудал дэгдсэн нь сонгогчийн үнэмлэхийг ямар ч хараа хяналтгүйгээр хэвлэсэн аж. Ингэхдээ тооцсон хэмжээнээс даруй 80 мянган ширхэгээр илүү байгаа нь сонгуулийг будлиантуулах, шударга бус үр дүнд хөтлөх ноцтой асуудал болон хөндөгджээ.

  • Гадаадын хөрөнгө оруулалттай компаний дураараа үйлдэл

“Майжор Дриллинг Монгол” буюу “МДМ” нь Канадын 100% хөрөнгө оруулалттай өрмийн компани бөгөөд Монголд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад гэрээгээр өрөмдлөгө хийж гүйцэтгэдэг аж. Гэтэл Оюу толгой дахь салбараас нэг сая ам.долларын эд хөрөнгө дутаж, асуудал үүссэн байна. Ингэхдээ тэд монгол ажилчдын гэр орныг ямар нэгэн хуулийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэгжиж, хууль бус үйлдэл гаргажээ. 

  • УИХ-ын гишүүн алга болов

УИХ-ын гишүүн асан Г нь хувийн хөлөг онгоцоор Хөвсгөл далайд аялж яваад ор сураггүй алга болжээ. Түүнтэй хамт хоёр туслах, эмч, хөгжимчин, завьчин болон төслийн ажилтан болох гадаад иргэн, түүний орчуулагч нар явсан байна. Тэд Хатгалаас Ханх хүртэл явахаар гарсан боловч сураг тасарсан аж. Ийнхүү нийслэлээс аврах ангийнхан Хөвсгөл аймагт ажиллаж, түүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсны эцэст хөлгийн бүх гишүүдийг эсэн мэнд олсон.

  • Сумаараа нүүх үү?

“Алтан Дорнод Монгол” компанийн лицензийн гэрчилгээтэй эдэлбэр газарт хууль бусаар оршин суулаа хэмээн Төв аймгийн Заамар сумын Засаг даргыг шүүхэд өгчээ. Харин анхан шатны шүүхээс тус компаний ашигт малтмал ашиглах 4411А тоот лицензийн гэрчилгээтэй уурхайн эдэлбэр газарт хууль бусаар оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх талаар холбогдох захиргааны акт гаргахыг Төв аймгийн Заамар сумын Засаг даргад даалгасан байна. Аль нэг гадны компани хэн нэг Засаг дарга, захиргааны нэгжийг ард иргэд, тосгон сууринаа нүүлгэ гэж шүүхэд өгч улмаар заргаа авч буйд нь олон хүмүүс эгдүүцэн дургүйцсэн бөгөөд оронд нь тэрхүү лицензийг цуцлахыг хүчтэй шаардсан билээ.

  • Гаалийн дарга

Гаалийн ерөнхий газрын дарга асан Б-д эрүү үүсгэн шалгахад хэд хэдэн ноцтой зөрчлүүд илэрчээ. Мөрдөн байцаалтын явцад гаалийн хуурамч бүрдүүлэлт хийн бараа бүтээгдэхүүний нэр чанарыг өөрчилсөн бөгөөд хар төмрийг хар тугалга нэрийн дор хоёр удаа хилээр гаргасан үйлдэл нь улсад 50 орчим төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн түүнчлэн түүнтэй хамтаар Дотоодын хяналт шалгалт хариуцсан хэлтсийн дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн А хэмээх эрхэмийг шалгасан аж.

  • Үнэт олдвор

Монголын археологи, палеонтологийн хосгүй үнэт түүх, соёлын ховор олдворуудыг гадаад улс орнуудад хууль бусаар худалдахаар завдсан гэмт бүлгийг үйлдэл дээр нь барьж илрүүлжээ. Тэдгээр олдворууд нь олон төрлийн махчин “Овираптор”-ын араг яс, “Велоцираптор”, “Адасаурус”, “Заурорнитойдес” зэрэг амьтдын бие, толгойн чулуужсан яснаас бүрдсэн нийт зургаан ширхэг олдвор байсан бөгөөд 800,000 ам.долларын ханш хүрнэ хэмээн тооцоолсон байна.

  • Гишүүний танхайрал

УИХ-ын гишүүн асан, “Симба” Б нь барилгын ажил хийж байсан залуусыг өөрийн хувийн эзэмшлийн авто засварын газартаа аваачин гавлаж байгаад зэрлэгээр зодсон хэрэг гарчээ. XIII хороололд газар ухаж, дулааны шугам тавьж байхдаа шороо суларснаас эрхэм УИХ-ын гишүүний төрсөн дүү Б-ын хувийн орон сууцны хашааны хайсан хаалганы багахан хэсгийг унагасан байна. Ажилчид гэрийн эзнээс хүлцэл өчиж, 2 цагийн дотор эргүүлэн янзлаж өгье хэмээсэн боловч үүнийг нь хүлээж аваагүй бөгөөд ажилчид болон барилгын ажил гүйцэтгэж буй компаны менежер нарыг машин руу суухыг шаардаж, Х хорооллын “Ноён” сервис авто засварын газар аваачжээ. Удаагаар нь УИХ-ын эрхэмсэг гишүүн хүрэлцэн ирж, тэднийг зодож гарсан байна.

  • Үймээн болсон жагсаал

Монголын оюутны холбооноос УИХ, Засгийн газар, их дээд сургуулиудын захиргаанд шаардах бичиг өргөжээ. Үүнд оюутны эрхийн тухай хууль батлах, дараа оны төсөвт оюутанд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээл, тэтгэлэг, хөнгөлөлтөд зарцуулах хөрөнгийг нэмүү суулгаж өгөх, Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын оюутантай холбоотой заалтыг хүчингүй болгож 604 оюутны төлбөрийг төсөвт нэмж суулгах, төлбөрийн зээл, буцалтгүй тусламжид хамрагдахаар материалаа бүрдүүлээд ирсэн ч төсөв байхгүй хэмээх нэрийн дор хасагдсан 7400 оюутны эрхийг сэргээж, шаардагдах мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох болон оюутны билетийн үнийг нэг ч төгрөгөөр нэмэгдүүлэхгүй байх, хөдөө орон нутгаас ирж суралцагчдын замын зардлыг ялгаварлалгүйгээр эдлүүлэх, гадаадад суралцагч оюутнуудын нэг талын зардлыг төмөр замаар зорчиход хөнгөлдөг байсныг сэргээх гээд олон шаардлага тусгагдсан ажээ. Улмаар эсэргүүцлээ илэрхийлсэн оюутнууд тайван жагсаал хийн, төрийн ордонг тойрон явж байсан боловч нөхцөл байдал ширүүсч замбараагүй байдал үүссэн бөгөөд тэд төрийн тусгай хамгаалалтынхан, цагдаа нартай мөргөлдөж, төрийн ордны олон цонхыг хагалсан байна.

  • Төмөр зам

“УБТЗ” ХНН нь жил бүр 40 орчим сая ам.долларын сэлбэг хэрэгсэл импортоор авдаг бөгөөд сэлбэг хэрэгсэл нийлүүлэгч Оросын үйлдвэрүүдтэй гэрээ хэлэлцээрээ шууд хийж, өгч авалцдаг байсан байна. Гэтэл ОХУ-ын иргэн М хэмээх эрхэм тус байгууллагын даргаар томилогдсоноор сэлбэг хэрэгсэл нийлүүлэгч үйлдвэр, сэлбэг хэрэгсэл авагч байгууллагын дунд зуучлагч компани гэгч гарч иржээ. Тэдгээр зуучлагч компаний тоо нэг бус нэлээд хэд ба 1 ам.доллараар авдаг байсан сэлбэгийг 182,3 ам.доллараар худалдаж авах гэх мэт зөрчлүүд илэрсэн тул түүнийг бусдын эд хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Мөн түүнчлэн уг хэрэгтэй холбогдуулан Монголын талаас удирдах албан тушаалын хэд хэдэн хүмүүсийг шалгахад мөн их хэмжээний мөнгөний зөрчил илэрсэн хэмээн зарим эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Өдрийн Сонин, 2005 он

 

Leave a Reply