Ямар цэцэг тарих вэ: Цэвэр агаар бэлэглэдэг хамгийн супер ургамлууд

, , Leave a comment

Нарлаг хавар Улаанбаатарт ирж, бидний сэтгэлийг өвлийн турш зовоосон агаарын чанарын асуудал түр намжлаа. Тэгэхдээ ухаантай гэрийн эзэгтэй нар одоо л жинхэнэ хөдлөж, ирэх өвлөөс урьтаж гэртээ хамгийн шилдэг байгалийн агаар цэвэршүүлэгч тарьж ургуулахыг хүсч байна.

Монголд хамгийн түгээмэл олдоцтой, тарьж ургуулахад хялбархан цэцгүүдийг танд толилуулж байна.

Ногоодой (Chlorophytum comosum)

Эх Нялхасын Эрүүл Мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд шинэхэн аав, ээжүүдийг гэртээ Ногоодой цэцэг тарихыг зөвлөдөг. Учир нь энэхүү цэцэг хоёр өдрийн дотор тасалгааны агаар дахь хорт бодисын 90 хувийг арилгадаг юм. Ногоодой цэцгийн навч нь хортой бодисыг шүүж, хөгц, мөөгөнцрийг өөртөө шингээж, хивсний материал, тавилга зэргээс ялгардаг өнгөгүй хий болох нүүрстөрөгчийн монооксидыг маш сайн шүүж, ариутгадаг. Улмаар ногоодой цэцэгтэй орчинд хүмүүс толгой өвдөх, тархи манарах зэрэг таагүй үзэгдлүүдийг мартах болно. Мөн дөнгөж төрсөн хүүхдүүдийн цээж хэржигнэж байхыг та сонсож байсан байх. Тэгвэл ногоодой цэцэг үүнд ч мөн сайн тустай.

Авиргана (Hedera helix)

Healthline цахим хуудасны зүгээс зөвлөж буйгаар авиргана цэцэг хүний анхаарал төвлөрч, сэтгэн бодох чадвар нэмэгдүүлэхэд онц сайн тустай юм байна. Тиймээс авиргана цэцгийг бичгийн ширээний орчимд байрлуулах хэрэгтэй. Авиргана нь компьютер, принтер, цааснаас ялгарах өнгөгүй хорт бодисыг өөртөө шингээж саармагжуулдаг. Мөнхийн ногоон өнгөтэй, мөлхөж, авирч ургадаг энэхүү цэцэг нь агаар дахь формальдегид буюу ахуйн газ, дсп хавтан болон бусад барилгын материалаас ялгардаг хорт бодисыг цэвэрлэдэг. Тиймээс хийн зуух хэрэглэдэг эзэгтэй нар гал зуухны өрөөндөө гоёмсогоор зохиомжилж ургуулбал нэн тохиромжтой.

Драцена (Dracaena marginata)

Dracaena marginata

NASA-гийн судалгаанд энэхүү цэцгийн нэг навч нь 24 цагт 7,5 см2 талбай дахь агаарыг цэвэршүүлдэг гэж тогтоосон байдаг. Энэ нь хамрах хүрээгээрээ эхний гуравт орох өндөр үзүүлэлт юм. Өндөр ургадаг, урт гоёмсог навчтай тул драцена (Луу мод) цэцэг гэрийн интерьер дизайнд гэгээлэг, байгалийн уур амьсгал оруулж өгдөг онцлогтой. Зочны өрөө болон бусад зай талбай ихтэй газруудад байршуулахад илүү тохиромжтой. Гол нь энэ ургамал гэрэлд маш дуртай гэдгийг анхаарч байрлуулах газраа сонгоорой. Мөн драцена төрлийн өөр олон цэцэг байдаг бөгөөд тэд бүгдээрээ агаар маш сайн цэвэршүүлэх чадвартай.

Нөмөргөнө буюу Peace Lily

Бид нөмөргөнө цэцгийг хаа сайгүй л олж хардаг хамгийн түгээмэл ургамал. Учир нь тэр бол агаар дахь нянг 60 хувь хүртэл бууруулах онцгой чанартайн дээр эмэгтэйчүүдэд бүр ч илүү ач тустай цэцэг юм. Нөмөргөнө цэцэг агаарт ууршсан ацетон болон алкахоль агуулсан бодисыг шингээж авдаг учраас гоо сайхны бүтээгдэхүүн их байдаг толь болон угаалгын өрөө зэрэгт байршуулахад тохиромжтой. Угаалгын өрөөнд нөмөргөнө цэцэг тавьснаар хөгц, мөөгөнцөр үржихээс сэргийлж болдог. Энэхүү цэцгийг тарьж ургуулсан хүмүүс гэртээ байн байн найтаалгах, толгой эргэх зэрэг таагүй зүйлсээс ангижирч, эрүүл сайхан арьстай байх болно.

Мөнхрөө (Sansevieria trifasciata)

Хамгийн шилдэг агаар цэвэршүүлэх чадвартай цэцэг гэх тодотголыг ногоодой цэцэгнээс гадна мөнхрөө цэцгийг нэрлэдэг. Агаар дахь элдэв химийн хорт бодисыг шүүж цэвэрлэхээс гадна мөнхрөө өдөр, шөнийн аль ч цагт хүчилтөрөгч ялгаруулдаг байна. Нарны шууд тусгалаас хол газар байрлуулах хэрэгтэй тул хүмүүс түүнийг чимэглэлийн зорилгоор цонхгүй орчинд олноор нь эгнүүлэн тарьж интерьер дизайны өвөрмөц шийдэл гаргадаг.

Зуун наст (Aloe Vera)

Зуун наст цэцэгний анагаах чадварын тухай сонсож байгаагүй эмэгтэй хүн гэж үгүй биз ээ. Гоо сайханд, дотор эрхтэнд маш сайн нөлөөтэй энэхүү цэцгийг гэртээ олноор нь тарьвал ямар ч өндөр технологийн агаар шүүгчнээс илүү үр дүнтэй байх болно. Цахилгаанаар ажилладаг агаар шүүгч нар эдийн засгийн нэмэлт зардал шаарддаг бол зуун настыг тарихад гэрэл, ус хоёроос өөр нэмэлт зүйл бараг хэрэггүй.

Та эдгээр цэцэгнүүдээс өөрт таалагдсаныг сонгож гэртээ үржүүлснээр ирэх өвөл гэртээ салхивч нээхгүйгээр цэвэр агаартай суух боломжтой юм. Мөн өөр цэцгээрээ гоёдог, үзэсгэлэнтэй цэцэг сонирхож байгаа хүмүүст хандаж хэлэхэд дөрөвдүгээр сар бол төрөл бүрийн булцуут болон бусад цэцгийг үрслүүлж, шилжүүлж суулгах, худалдан авахад хамгийн тохиромжтой цаг юм шүү.

Агаар сайн цэвэршүүлдэг бусад цэцэгнүүд

 

Leave a Reply