2003 оны дуулиант хэргүүд

, , Leave a comment

 

  • Улс төрийн орогнол хүсэв

Монголын бизнес эрхлэгчид Канад улсын Торонто хотод олон улсын уулзалтад оролцоод ирэх үед таван хүн үлдэж, Канадаас улс төрийн орогнол хүсчээ.Тэдгээр хүмүүс нь  “Monrad” компаний орлогч захирал асан Д,  “N and N” компаний ерөнхий захирал асан Н, тус компаний дэд захирал асан М,  “Цэнболд” компаний ахлах менежер асан Н, “O and E” компаний захирал асан Э нар ажээ.

  • Хуурамч доллар

Монгол улсын хэмжээнд 100,000 ам.доллар хуурамчаар үйлдэгдэн, тархсан хэрэг гарчээ. Эдгээр хуурамч валютыг БНАСАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны нэгэн ажилтан оруулж ирсэн байсан бөгөөд тухайн үеийн долларын ханшнаас хямд арилжаалагдаж байсан учир валютын ченжүүд авч, олон хүнд тараасан байна.

  • “Сод Монгол”

Сод Монгол группийн захирал асан А нь Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагджээ. Тухайлбал, 405 сая шахам төгрөгийн орлогоо нуун дарагдуулж татвар төлөхөөс зайлсхийсэн ба өөрөөс нь авлагатай зарим хүний эд мөнгө, эд зүйлийг нь өгөлгүй дарамталсан аж. Тэрбээр бусдад 250 гаруй сая төгрөгийн өглөгтэй байжээ.

  • Байр зүйн зураг алдагдав

Төрийн нууцын жагсаалтыг шинэчлэх тухай УИХ-аар хэлэлцэж байх үеэр Монгол улсын нутаг дэвсгэрт хаана юу байгааг бүхэлд нь дүрсэлсэн, нууцын зэрэглэлтэй байр зүйн зургууд хулгайд алдагдсан болох нь илэрчээ. 25,50,100 мянганы нарийвчлалтай тэдгээр зургууд нь Байгууллагын нууцын хуулиар Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт хадгалагдаж байх учиртай юмсанж.

  • Банкны дээрэм

“Анод” банкны хамгаалалтын ажилтанг буудаж, олон сая төгрөг дээрэмдээд зугтаажээ. 90 мянган ам.доллар, 70 гаруй сая төгрөг нийтдээ 172 сая төгрөг алдагдсан бөгөөд орой 23 цагийн үед хүмүүсийн хөл хөдөлгөөн тасраагүй байхад буугаар зэвсэглэсэн дээрэмчин халдсан байна.

  • Элчин сайдын осол

АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд асан эрхэм ХААН банкнаас зохион байгуулсан уран зургийн үзэсгэлэн үзэхээр явж байгаад машинаараа явган зорчигч мөргөсөн осол гарсан байна. Тэрбээр машинаа өөрөө жолоодож явсан бөгөөд явган хүний гарцгүй газар осол болсон аж. Хэрэг гарсан даруйд Элчин сайдын яамныхаа ажилтнууд руу мэдээлж, түргэн тусламж болон цагдаа дуудан арга хэмжээ авсан ба АНУ-ын зүгээс уг хэрэгт Элчин сайд буруугүй хэмээн үзсэн билээ. Харин хохирогчийн талаас Элчин сайдтай тохиролцоо хийх, виз хүсэх зэргээр олон удаа хандсан гэнэ. 

  • “Шинэ баячууд”-ын газар нутаг

Монголын зарим эрх баригчид Москвад өөрсдийн барилга байшин, зуслангийн газартай болсон бөгөөд тэдгээрийн санхүүжилт нь хувийн өмчүүдээс гадна Монгол улсад хувьчлагдаагүй үлдсэн төрийн өмчит аж ахуй нэгжүүдээс бүрдэж байжээ. Учир нь уг байгууллагуудаас олон мянган ам.доллар Москва руу шилжиж байсан байна. Тодруулбал, “Говь” ХК-иас Москва дахь худалдааны төлөөлөгчийн байрны зардал нэрээр 80 орчим мянган ам.доллар шилжсэн явдал гарчээ.

  • Үлэг гүрвэлийн наймаа

Өмнөговь аймгийн Булган сумын нутгийн зарим иргэдтэй нийлсэн бүлэг этгээдүүд үлэг гүрвэлийн яс, дөрвөн өндгийг гадаадын иргэдэд худалдаж, БНХУ болон Япон улсууд руу гаргаж байжээ.ТЕГ-аас махан идэшт үлэг гүрвэлийн хэлхээ яс, өндөг, хамгийн ховор олдворт тооцогдох үр хөврөлийн нуруу, сүүл, хөлийн сарвууны яс зэргийг 12 сая ам.доллараар худалдахаар явж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн баривчилсан байна. Эдгээр олдворууд нь цэрд галавын эхэн үеийн 100-70 сая жилийн өмнөх амьтны яс байсан аж.

  • Тагнуулч сайд

Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд асан Н нь гадаадын тагнуулын байгууллагаай холбоотой хэмээх асуудлыг УИХ-ын гишүүн асан Г мэдэгдэж, холбогдох баримтуудыг дэлгэсэн нь төр, засгийн газрын хүрээнд төдийгүй олон нийтийн дунд хүчтэй тархаж, томоохон дуулианыг үүсгэв. Мөн улсын нууцад хамаарах чухал бичиг баримтуудыг хууль бус аргаар задруулсан хэмээн ТЕГ-ын удирдлагууд буруутгагдсан байна.

  • Алдагдсан нууц

Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд асан Н нь гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой тухай асуудлаас үүдэж түүнд хамаарах 18 хуудас материал алдагдсан хэрэг мандсан. Уг материал нь ТЕГ-ын дарга асан Б-ын гар бичмэл бөгөөд тэдгээр нь УИХ-ын гишүүн асан Г-д очиж, мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан тул улсын нууц задруулсан хэрэгт тагнуулын хуучин дарга сэжиглэгджээ.

  • Дипломат маргаан

Франц улсын нутаг дэвсгэр дээр Монголын хүчний байгууллагынхан Э-г хүчээр баривчлан авч явсан байна. Уг хэрэг Францын Ерөнхийлөгч асан Жан Ширакийн сонорт хүртэл хүрчээ. Тэрбээр Монгол-Франц хоёр улс эрхийн туслалцааны гэрээтэй бөгөөд гэрээ ёсоор баривчилгаатай холбоотой асуудлыг Францын засгийн газарт мэдэгдэж, тэд гэмт этгээдийг барьж Монголын талд хүлээлгэн өгөх ёстой байтал Монголын талаас хууль бусаар улсынх нь хилийг нэвтэрч, улс төрийн орогнол хүсээд, цагаач болох хүсэлтээ тавьсан байсан хүнийг Франц улсын нутаг дэвсгэр дээр үндсэн хууль болон хүний эрхийг зөрчиж, хулгайлан барьж явсанд уурссан байна. 

Энэ асуудал нь нэгд, хүний эрхийг зөрчсөн хоёрт, Францын хууль журмыг зөрчсөн гуравт, дипломат ажилтнууд оролцсон дөрөвт, хүн хулгайлах гэмт хэрэгт ЭСЯ өөрөө холбогдсны дээр хоёр улсын эрхийн туслалцааны гэрээг зөрчсөн ноцтой явдал учир Монгол-Францын харилцаанд томоохон сэв суусан үйл явдал болсон юм.

  • Цэргийн шатахууныг их хэмжээгээр шамшигдуулав

Зэвсэгт хүчний … ангийн захирагч асан хурандаа Х нь иргэн Ч-тэй хуйвалдан, 285907 кг буюу 340 тонн 365 литр дизелийн түлш, 4875 кг буюу таван тонн 803 литр автобензинийг түр хугацаагаар гэж аваад шамшигдуулсан байна. Тэдгээрийг тухайн үеийн ханшаар тооцвол 123 сая 380 мянган төгрөг болж буй юм. Дараах хэрэг нь улсын төсвөөс санхүүждэг батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний байнгын бэлэн байдалд сөргөөр нөлөөлөхүйц хохиролтой билээ.

  • Хасбанкны ажилтны луйвар

Хасбанкны Хэнтий аймаг дахь тооцооны 04 дүгээр төвийн захирлаар ажиллаж байсан У нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуурамч бичиг баримт үйлдэх, бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэн ажилтнуудад хууль бус үүрэг өгч гүйцэтгүүлэх, мэдээ тайлан худал гаргах зэрэг аргаар банкинд 112 сая төгрөгийн хохирол учруулаад оргон зайлсан хэрэг гарч байжээ.

  • Дарамтлуулсан сэтгүүлч

УИХ-ын эмэгтэй гишүүдийн нэг асан А нь Иргэний нисэхийн ерөнхий газартай орон сууц барьж өгөх гэрээ хийж 350 сая төгрөг авсан боловч мөнгөө ч төлөөгүй, барилгаа ч бариагүй тухай мэдээлэл Ардчилсан Намын төв хэвлэл “Сайн байна уу” сонины дугаарт нийтлэгджээ. Гэтэл уг мэдээллийг бичсэн сурвалжлагч Б-г баривчлахаар хэд хэдэн удаа ирж, хүчээр авч явахыг оролдсон байна.

  • “Буян” компаний өр

“Буян” компани нь Худалдаа Хөгжлийн Банкнаас ихээхэн хэмжээний өр авсан боловч удаан хугацаанд төлж барагдуулаагүй бөгөөд энэ асуудлаар тус компаний захирал Ж-тэй банкны зүгээс удаа дааралан ярилцан, гэрээ хэлцэл хийсэн боловч үүрэг амлалтаа биелүүлэхгүй буй тухай мэдээлжээ. Уг компани нь ХХБ-аас нийт 2.5 тэрбум төгрөг, нэг сая еврогийн өр авсан байна.

  • Асгатын Мөнгөний Орд барьцаалагдав

Хог боловсруулах үйлдвэр барих зорилгоор холбогдох албаны дарга нар “Кахэти интернэшнл” гэрээ хэлэлцээр хийн Австри иргэншилтэй Ц хэмээх Монгол хүнээр зуучлуулсан байна. Ийнхүү Герман улсаас 100 сая дойч маркийн зардлаар хог шатаах үйлдвэр барихаар болж, санхүүжилтээ гадаадын нэгэн банкнаас авч оронд нь барьцаа түр байршуулжээ. Гэвч Монгол улсаас ХБНГУ-д сууж байсан Элчин сайдын цуглуулсан мэдээлэл ёсоор бол уг хогны үйлдвэр нь Герман улсад баригдсан өдрөөсөө эхлэн олон нийтийн хэл амны бай болж, хог боловсруулахад ялгарч буй утаанд хүмүүс хордсон явдал гарч байсан тул Бавари мужийн захиргаа уг үйлдвэрийг нэгэн бизнесменд хямд өртгөөр хувьчлан зарсан аж.

  • Хууль бус баривчилгаа

УИХ-ын гишүүн асан Г нь БНСУ-руу олон улсын бага хуралд оролцохоор Буянт-Ухаагийн нисэх буудалд гэргий, охины хамт хүрэлцэн ирэхэд цагдаагийнхан хүч хэрэглэн баривчилжээ. Түүнийг Монгол улсын хил зөрчсөн хэмээн мэдүүлсэн боловч Ерөнхийлөгчөөс эхлүүлээд АН-ын гишүүд болон олон зуун хүмүүс уг баривчилгааг хууль бус хэмээн үзэж, яаралтай суллахыг шаардаж байв. Бүр АНУ-ын Төрийн департамент хүртэл Монгол Улсын элчин сайдыг урьж ирүүлэн тайлбар хүссэн байна. Бүх нийтийн шахалт МАХН-руу чиглэж байх үед УИХ-ын эрхэм гишүүнийг суллаж, МАХН-ын гишүүд болон удирдлага энэ тухай огт мэдээгүй байхад цагдаагийнхан дур мэдэн баривчилсан болж хувирсан билээ.

 

Эх сурвалж: Өдрийн Сонин, 2003 он

 

Leave a Reply