Алсын хараа-2050 бодлогын баримт бичгийн зарим асуудлууд

, , Leave a comment

2020 оны 5-р сарын 13-ны өдөр “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг УИХ-аас баталсан билээ. Уг үзэл баримтлалын хүрээнд Монгол улсын хөгжлийг шинэ түвшинд хүргэх, ядуурлыг бууруулах, эдийн засгийг хөгжүүлэх гэх мэтчилэн өргөн хүрээний, олон том өнцгүүдийг тусгасан. Эдгээрийн дотор, одоогоос 30 жилийн дараа буюу 2050 онд Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 15,000 ам.долларт хүргэх талаар заажээ. Мөн түүнчлэн уг хөгжлийн бодлогыг батлахдаа 2016 оны 2-р сарын 5-ны өдөр баталсан “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хэмээх баримт бичгийг хүчингүй болгожээ. Уг 2030 он хүртэлх хөгжлийн баримт бичигт зааснаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 17,500 ам.доллар хүргэнэ хэмээн тусгасан байлаа. Ийнхүү илүү урт хугацааг хамарсан, шинэ баримт бичигтээ нэг хүнд ногдох ДНБ-ний тоо хэмжээг бууруулсан явдал нь нэг талаар ЗГ-аас хэрэгжүүлдэг бодлогууд эдийн засгийн үнэлгээ, судалгаа дутуу хийгдсэн, хийсвэр тоо баримтанд тулгуурладаг болохыг илтгэхийн зэрэгцээ, нөгөө талаас 4 жилийн өмнө баталсан зорилгоосоо ухарч, Монгол улсын эдийн засгийг ойрын ирээдүйд мэдэгдэхүйц хэмжээнд хөгжүүлж чадахгүй болохоо хүлээн зөвшөөрсөн явдал болж байна.

Техник технологи, инновацийн асар хурдацтай хөгжлийн энэ цаг үед дэлхийн улс орнууд ирээдүйн зорилго, зорилтоо урт хугацаанд төлөвлөхөд бэрх байна. Ямарваа нэгэн шинэ технологийн нээлттэй зэрэгцээд дэлхийн улс төр, эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал тэр дороо хувирах болсон ба дэлхий нийт тухайн цаг үе, нөхцөл байдалтай хөл нийлүүлэн, зохицохоос өөр аргагүйд хүрч байгаа юм. Тиймээс урт болон дунд хугацааны ирээдүйн хөгжлийн зорилтуудын ихэнх нь бодит байдал дээр биелэхгүй, өөрчлөгдөх байх хандлагатай тул уян хатан бодлогын ач холбогдол ихэсч байна. Гэтэл Монгол улсын ЗГ-ын хувьд өдгөөгөөс 30 жил хүртэлх хугацаанд олон улсын нөхцөл байдал хэрхэх тухай тодорхой таамаглал, баримжаагүйгээр зорилтуудаа тодорхойлсон нь олон асуултуудыг араасаа дагуулж байгаа юм.

 

Монгол улсын хөгжлийг хурдасгах боломжит арга замууд:

 

  • Баялаг бүтээж буй, хувийн бизнес эрхлэгчдэд ажил хэргээ тогтвортой явуулахад хүндрэл учруулдаг томоохон хүчин зүйлсүүдийн нэг нь төрөөс олгодог тусгай зөвшөөрөл, гэрчилгээнүүд болон татварууд байдаг. Тиймээс хувийн ААН-үүдэд тэрхүү дарамт, ачааллыг хөнгөрүүлж, бизнес эрхлэх чөлөөт орон зайг олгосноор ажлын бүтээмж нэмэгдэх, цаашлаад илүү олон хувийн бизнесүүд төрөн гарах, ингэснээр зах зээлд ажлын байр нэмэгдэх гэх мэт эерэг дүр зургууд нэмэгдэх ач холбогдолтой юм.
  • Жилээс жилд гадаад орныг зорьж хөдөлмөр эрхлэх хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Ийнхүү хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн гадаад улс руу идэвхтэй чиглэж байгаа нь дотоодын хөгжил, бүтээн байгуулалтад сөрөг нөлөөтэй. Гэвч Монгол улсын ажлын байр болон түүний нөхцөл байдал нь таагүйгээс үүдэн ийнхүү хөдөлмөрийн насны хүн ам ихээр гадаад орныг зорьж буй тул энэхүү шилжилт хөдөлгөөнийг сааруулах, дотооддоо таатай ажлын байрны орон тоо шинээр бий болгох, цалингийн нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байна.
  • Техник технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр уламжлалт эдийн засгийн салбаруудаас гадна шинэ салбарууд ихээхэн хөрөнгө босгож, амжилт олж байна. Тиймээс, инновацийн салбарыг бодлогоор дэмжиж, шинээр үйл ажиллагаа явуулж буй старт-ап компаниудад үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, мөн түүнчлэн урамшуулан дэмжих нь зүйтэй. Хэрвээ тэдгээр старт-ап компаниуд олон улсын зах зээлд амжилт олж, гадны хөрөнгө оруулалтыг татаж чадах аваас, үүнийг дагаад уул уурхайд түшиглэсэн бүтэцтэй манай улсын эдийн засагт шинэ тулгуур нэмэгдэх ач холбогдолтой юм.
 

Leave a Reply