Худаг гаргах зөвшөөрөл авах зөвөлгөө

, , Leave a comment

ГҮНИЙ ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ХЭРХЭН АВАХ ВЭ?

Гүний худаг өрөмдлөгийн ажлыг эхлэхийн өмнө тухайн газарт “Гүний худгийн цооног өрөмдөх зөвшөөрөл”-ийг харъяа аймаг, нийслэлийн байгал орчны газраас авах шаардлагатай байдаг. Энэ нь маш чухал бөгөөд та зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдсөн бол иргэн, аж ахуйн нэгж зэргээс хамаараад хөдөлмөрийн хөлсны доод хэмжээг 5-аас 50 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгуулах болон гарсан хохирлыг нөхөн төлүүлэх гэсэн заалт “Усны тухай хууль” нд байдаг байна.

Зөвшөөрлийг авахад УБ хотод
1. Тухайн өрөмдүүлэх газрын газрын гэрчилгээний хуулбар
2. Кадастрын зургийн хуулбар /харъяа сум дүүргийн газрын албаны тамгатай буюу газрын мэдээллийн сангаас авсан байх/
3. Иргэнийн үнэмлэхний хуулбар /Байгууллага бол гэрчилгээний хуулбар/
4. Гараар бичсэн өргөдөл /Байгууллага бол албан бичиг/
5. Гүний худгийн хайгуул хийх эрх бүхий байгууллагын гаргасан “Гүний худгийн уст цэг тогтоосон” тухай тодорхойлолт зэргийг бүрдүүлэн Нийслэлийн иргэдэд үйлчлэх төвийн “Нэг цэгийн үйлчилгээ”-нд буюу эсвэл Нийслэлийн байгал орчны газрын “Усны мэргэжилтэн”-д хандана.
Орон нутагт үүнтэй мөн адил төстэй материал бүрдүүлэх боловч тухайн орон нутгийн онцлог зэргээс шалтгаалан бүрдүүлэх материалууд харилцан адилгүй байдаг. Гэхдээ дээр дурдсан 5 төрлийн бичиг баримт бол зайлшгүй шаардагдана.
Гэвч зөвшөөрөл тэр болгон хүссэн газар бүрт чинь гарах боломжгүй байдгийг анхаар.
Учир нь:
“Усны тухай хууль”, “Ойн тухай хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль” болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдээр гүний худаг өрөмдөхийг хориглосон бүсүүдэд зөвшөөрөл гардаггүй. Хайгуул хийлгэж буй байгууллага тань мэргэжлийн найдвартай байгууллага бол танай хайгуулын цэг дээр очоод бараг хэлээд өгнө. Үүн дээр мөн хайгуул хийлгэх газараа зөв сонгох нь бас л нэг чухал ажил. Яагаад гэвэл таны хайгуул хийлгэсэн байгууллагын гаргасан тодорхойлолтыг үндэслэн, хариуцан гүйцэтгэгчээр тухайн байгууллагын нэр бичигддэг. Гэтэл тухайн байгууллага нь “Усны хайгуул хийх, цооног өрөмдөх, засварлах, тоноглох ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөл” бүхий аж ахуйн нэгж байх ёстойгоос гадна, тухайн Байгал орчны газар зэрэгт ямар нэг асуудал үүсгээгүй байх шаардлагатай. Харин ямар нэгэн асуудалтай бол таны зөвшөөрөл гарах боломжгүй болдог.
Зөвшөөрөл гарсан бол та УБ хотод “Нийслэлийн төрийн сан”-д улсын тэмдэгтийн хураамж, худгийн пасспортын үнэ зэргийг тушаагаад, мөнгө тушаасан баримтаа Усны мэргэжилтэн-дээ авч очин зөвшөөрлөө авна. Тэмдэгтийн хураамж УБ хотод 150.000, пасспортын үнэ 2.500 байдаг. Орон нутгуудад харилцан адилгүй үнэтэй.
Зөвшөөрөл бүрийг дагалдаж гардаг худийн пасспорт нь дахин давтагдахгүй дугаарлалттай байдаг бөгөөд гүний худгийн албан ёсны бичиг баримт буюу өөрөөр хэлбэл Худгийн төрсний гэрчилгээ болдог учир ямар нэгэн хөрөнгө бүртгүүлэн, үнэлүүлэхэд тулгуур баримт бичиг болдог.

Мөн та худаг гаргах зөвшөөрлийг цахимаар захиалж болно.
Цахим хаяг: Еservice.ulaanbaatar.mn

 

Leave a Reply