УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.
СЗХ-ны дарга С.Даваасүрэн нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргаж УИХ-ын даргад өргөн барьжээ. Тиймээс дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдаанд танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд С.Чинзориг, СЗХ-ны дарга нь өөрөө өргөдлөө өгч байгаа нь хариуцлага тооцож байгаа хэлбэр мөн гэж үзэх эсэхийг асуув. УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага /FATF/-ын “саарал жагсаалт’-д орсонтой холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргатай уулзаж хариуцлага тооцох шийдвэрээ хэлсэн. Харин СЗХ-ны дарга С.Даваасүрэн энэ шийдвэртэй холбогдуулан өргөдлөө өгсөн тул хариуцлага тооцож байгаа хэлбэр гэж үзнэ’ хэмээн тайлбарлав.
Ийнхүү санал хураахад СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. СЗХ-ны даргыг чөлөөлөх тухай тогтоолыг батлагдсан өдрөөс дагаж мөрдөнө.
Leave a Reply