Ерөнхий сайд Орхон аймагт ажиллах үеэрээ “Уурхайчин” соёлын төвд орон нутгийн иргэдтэй уулзлаа. Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулав.
Ирэх онд инфляцийн төвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, дотоодын үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх зорилгоор Татварын багц хуулийг хэрэгжүүлэх гэж байгааг тэмдэглэв.
Эрчим хүч, нефть, эрүүл хүнсээр иргэдээ дотоодоос бүрэн хангах нь Засгийн газрын гол зорилт. Энэ нь Монгол Улс туурга тусгаар байхын баталгаа, хөгжлийн үндэс гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Мөн төрийн албан хаагчид “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-г чанартай, түргэн шуурхай хүргэж, иргэддээ тэгш үйлчилж байхыг онцгойлон анхааруулав.
Ерөнхий сайд тус аймагт ажиллах үеэрээ Эрдэнэт хотын үерийн даланг Европын сэргээн босголтын банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн 14 сая ам.доллараар иж бүрэн барихаар шийдвэрлэв. Мөн Эрдэнэт хотын 1А хорооллын инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлыг судлан хамтран шийдвэрлэхийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад үүрэг болгов гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Leave a Reply