Албан тушаалтан ба ашиг сонирхол

, , 2 Comments

Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг. Нүүдэлчин Монгол зон маань тэмээ, тэргээр нүүдэллэж ирсэн. Тэмээний биенд нь эвтэйхэн, тэгш хэмтэй, дараа нь задарч унахгүйгээр ачна гэдэг маш чухал. Нүүдлийн явцад ачаа задарч унавал хэцүүхэн хэрэг болно. Үлдсэн хүн бол энэ асуудлыг үүрэхгүй. Тийм учраас үлдэх хүнээр биш нүүдэлд хамт явах хүнээр ачаа татуул гэдэг. Хийсэн үйлдэл, гаргасан шийдвэрийн үр дагавар нь өөр дээр нь буух хүнээр ажил хийлгэж, шийдвэр гаргуулах хэрэгтэй гэсэн утгатай зүйр цэцэн үг юм. 

Бид төр засгийн удирдагчдаа ч хамт нүүлцэх хүн үү үлдэх хүн үү гэдгийг харах ёстой. Үүнийг л нүүдэлчин зоны хэдэн мянган жилийн туршлага, алдаа оноо,  мэргэн ухааныг шингээсэн энэ зүйр цэцэг үг хэлээд байна. Орчин үед хөрвүүлээд үзье. Авгай, хүүүхдээ гадаадад амьдруулдаг, өөрөө араас нь явах бэлтгэлээ хангасан хүнээр бүү төр удирдуул. Өөрөө гадагшаа эмчилгээнд явдаг хүнээр Эрүүл мэндийн сайд бүү хийлгэ. Хүүхдээ хувийн өндөр төлбөртэй сургуульд өгөх, эсвэл гадагшаа сургуульд явуулах хүнээр Боловсролын сайд бүү хийлгэ. 

Эмч хүн эмчилгээний алдаа гаргавал, хуулийн хариуцлага хүлээнэ. Багш хүн хүүхдээ сургаж чадахгүй бол тэр даруй л ажлаасаа халагдахдаа тулна. Малчин хүн малаа хорогдуулбал өөрийн амьдрал ахуйгаараа хариуцлага хүлээнэ. Компаний гүйцэтгэх захирлын цалин урамшуулал ашигт ажиллагаанаас хамаардаг. 

Харин манай хүндэт удирдагчид маань улс орноо сүйрүүлэх тусам, хорт хавдрын үхлээр дэлхийг “манлайлуулж”, байгаль орчноо сүйрүүлж, улсдаа ашиггүй хэлцэл хийж, илт буруу шүүхийн шийдвэр гаргаж, утаанд ард олныгоо живүүлж, хүн тамлаж хүчээр хэрэг тулгах тусмаа харин баяжиж алтан бүс бүслэж, Америкт 7 байшин авч, оффшор дансанд 20 сая доллараа мартах зэргээр туйлдаг. 

Албан тушаалтан, эрх мэдэлтнүүд улс орны төлөө сайн дураараа сайхан сэтгэл гаргаж ажиллана гэдэгт гэнэхнээр найдаж болохгүй ээ гэдэг нь Өнгөрсөн 30 жилийн түүхээс харагдаж байна. Бид тухайн үедээ хамгийн сайн хүмүүс, бидний төлөө  зүтгэх байх гээд л гэнэхнээр тэднийгээ сонгосон. Гэтэл тэд өөрсдийнхөө л төлөө ажилласан гэдгийг бүгд мэдэж байгаа. Бидний дараагийн сонголт үүнээс ч доор байх магадлал байгаа. 

Үүний нэг том шалтгаан нь хариуцлага, урамшууллын тогтолцоонд байна. Хариуцлагын тогтолцоо байхгүй учраас, яг бодоод үзвэл энэ нөхдүүд улс орныг баллана гэдэг нь урдчилж харж болохоор байжээ. Тэдэнд сайн ажиллах хөшүүрэг дутагдаад байна. 

Малчид, тариаланчид өөрсдийнхөө төлөө, амьдрал ахуйнхаа төлөө, үр хүүхдийнхээ төлөө  малаа өсгөж, тариа будаа таридаг ч тэр нь үр дүндээ биднийг тэжээдэг. Сайн малаа өсгөөд, сайн тариа будаа тарих тусам өөрсдөө ч орлого их олж, нийгэмд ч ач тусаа өгдөг. 

Бусад нь ч  гэсэн өөр өөрсдийнхээ төлөө л ажиллаж хөдөлмөрлөж, аж төрж байгаа. АНУ, Япон зэрэг улсад эмч хамгийн өндөр орлоготой байдаг. Тийм ч учраас хамгийн сурлагатай хүүхдүүд өдөр шөнөгүй хичээлээ хийгээд, дараа нь нойр хоолгүй резидентээр ажиллаад, 25 жилийн дараа өндөр мэргэшсэн эмч болдог. Ингэж сурсан чадвараа ашиглаад, эргээд олон хүнийг эмчилж аварснаараа буян болдог, өөртөө ч өндөр орлого олдог. Ихэнх эмч нар өндөр орлого олох гэж эмч болдог ч үр дүндээ олон хүнд буян хийдэг. 

Жирийн ард түмэн өөрийнхөө төлөө сайн ажиллаж, малаа сайн өсгөж, арвин ургац авч, хүн сайн эмчилж, үйлдвэрээ сайн ажиллуулж, сайхан уран зураг зурж, сайн ажиллах тусам бусад хүмүүст,  улс оронд ашигтай тусдаг. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын давхцал үүсч байна. Зах зээлийн механизм амжилттай ажиллах гол шалтгаан нь энэхүү ашиг сонирхлын давхцал юм. 

Орчин үеийн нийгэмд ихэнх хүн өмнөх ажлаа л сайн хийвэл орлого нэмэгдэж сайн сайхан амьдардаг. Улс төрчид, төр засгийн эрх баригчид, өндөр албан тушаалтнаас бусад нь. Тэд улс орноо сүйрүүллээ, ажлаа муу хийлээ, ард түмнээ зовоолоо гээд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Харин эсрэгээрээ хахууль авч, өөрсдийнхээ бизнесийг дэмжиж баяждаг. 

Тэд нарт албан тушаалаа өөрийнхөө төлөө ашиглах сонирхол үйлчлээд байгаад учир байна. Мэдээж бүгд биш. Гэхдээ ихэнхид нь. Уг нь тэд нарт ч гэсэн улс орноо гэх сэтгэл өчүүхэн ч гэсэн байгаа л байх. Гол нь шунал нь улс орноо гэх сэтгэлээс даваад байна. Улс орноо хөгжүүлнө эсвэл Хөгжүүлэхгүй гэсэн хоёр сонголт байвал одоогийн эрх баригчдын ч гэсэн 99 хувь нь Хөгжүүлнө л гэж сонгоно. Гэтэл бодит амьдрал дээр  Хувийн эрх ашгаа дээдлэх үү эсвэл Улс орноо хөгжүүлөх үү  гэсэн хоёр сонголт тэдэнд байдаг. Харамсалтай нь хувийн эрх ашгаа дээдлэх сонголтыг тэд сонгож ирсэн.  Эрх мэдэлтнүүд ингэж өөрийнхөө төлөө ажиллахаар улс орон, ард түмэн хохирдог. Өөрөөр хэлбэл эрх баригчид болон ард түмний хооронд ашиг сонирхлын сөргөлдөөн үүсч байна. 

Мэдээж бид шуналгүй сайн хүнийг олж сонгож чадвал сайн хэрэг. Гэтэл чадахгүй гэдгийг өнгөрсөн түүх харуулаад байна. Эсрэгээрээ хамгийн увайгүй үл бүтэх нөхдүүд сайхан донгодож, жүжиглэж эсвэл мөнгө тарааж байгаад, сонгогдоод байна. Тухайлбал Түдэв, Очирбат гэсэн сонголт байхад бид залинд нь хууртагдаад Очирбатыг сонгосон. 

Уг нь Үндсэн хууль маань увайгүй өөдгүй этгээд төрийн эрхэнд гарсан ч өөрийн эрхгүй, хүчээр улс орны төлөө ажилладаг, ажиллах нь өөрт нь ашигтай байдаг,, ашиг сонирхлын сөргөлдөөн үүсгэдэггүй тийм л системийг  бүрдүүлэх ёстой. Зөвхөн сайн хүн гарсан тохиолдолд болж бүтээд, муу хүн гарангуут болохоо болидог систем байж болохгүй. 

Хүний бие махбод гэхэд дандаа сайн юм идэхгүй, муу юм идэх тохиолдол гарна гэдгийг тооцсон байдаг. Муу юм идвэл ялах дархлаа, яаралтай гадагшлуулах механизм байдаг. Сайн систем гэдэг ийм л  байх ёстой. 

Өнөөдөр Монгол, Орос, Африкын улсуудад эрх мэдэлтэн, албан тушаалтан болон улс орны ашиг сонирхол сөргөлдөж байна. Тийм ч учраас энэ улс орнууд өөдлөхгүй байна.  Манай тогтолцоо, үндсэн хууль маань эрх мэдэлтэн, албан тушаалтныг улс орныхоо төлөө зүтгэе гэх ашиг сонирхлыг нь төрүүлэх систем болж чадахгүй байна. 

Харин манайтай төстэй Үндсэн хуультай бусад зарим улс орон яагаад болоод, сайн сайхан амьдраад байна вэ? Ер нь бол манай Үндсэн хууль бол бараг л хөгжингүй орнуудаас хуулбарласан шүүдээ. 

Шалтгаан нь гэвэл хөгжингүй орнуудад хүмүүс нь ичих нүүртэйд байна. Бас хэдэн мянга жилийн өмнөхөөс буюу Грек-Ромоос улбаатай Иудео-Христийн шашнаар номлуулсан Noblesse oblige буюу язгууртан, эрх мэдэлтэй, мундаг хүмүүс нийтийн төлөө зүтгэх ёстой гэсэн ёс суртахууны ойлголт /нийгмийн хэлцэл/ яс маханд нь суусан байдаг. 

Дундад зууны Ёвропод гэхэд язгууртан байх мэдээж сайхан байсан байх. Тариачдыг зарцлаад, цайздаа наргиад, ан гөрөө хийсэн шиг. Гэхдээ дайн гарахад тэргүүн эгнээнд тулалддаг, харийн довтолгооноос улс орноо хамгаалдаг эрсдэл, нийгмийн хариуцлага тэднийг хүлээж байсан. Нэг жишээ дурдахад 1415 онд  Франц-Английн хооронд болсон Агинкортын тулаанд гэхэд тэргүүн эгнээнд тулалдсан 10 мянган Франц язгууртан амь үрэгдсэн байдаг. 

Бас эдийн биш ч нийгэмд эзлэх байр суурь гэх мэтээр ашиг сонирхлыг зохицуулдаг. Хэрвээ ажлаа илт муу хийвэл, эсвэл өөрийн эрх ашгийн төлөө илт ажиллавал нийгэмд эзлэх байр суурьгүй болдог. Энэ бол уг нь хамгийн хүчтэй механизм юм. Гэтэл Монгол Улс, ОХУ, Африк зэрэг газарт энэ механизм ажиллахгүй байна. 

Тэгэхээр яавал, ямар тогтолцоог бүрдүүлбэл  эрх мэдэлтэн, албан тушаалтнууд болон улс орны эрх ашгийн давхцал үүсэх вэ? Яавал эрх мэдэлтэн, албан тушаалтнууд өөрсдийнхөө төлөө зүтгэсэн ч үр дүнд нь улс орон, ард түмэн хождог болох вэ? 

Монголд эрх баригчдыг улсын төлөө ажиллуулахын тулд эдийн, материаллаг, физик механизм үүсгэхээр өөр аргагүй байна. Монгол хүмүүс нэр төрөө бодох, үхэхдээ чичлүүлж хараалгаж үхэхээс айх гэсэн юм даан ч алга.

 Нэг шалтгаан нь тэднийг шүүдэг, хэлэлцдэг мэргэжлийн институци бүрдээгүйд байна. Хөгжилтэй орнуудад олон мянган жилийн турш бүрдсэн хуульчдын коммюнити гэх мэт  инситуциуд байгаад, эрх мэдэлтнүүд улайм цайм буруу үйлдэл хийвэл шүүмжлээд ичээгээд, дараа нь хүний нүүр харах аргагүй болгодог. 

Манайд бол жишээ нь  Дээд шүүх дээр улайм цайм буруу шийдвэрүүд гаргасан жишээ олон. Саяхан гэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй байж шүүх хуралдааныг даргалсан М.Батсуурийн жишээ байна. Гэтэл хуульчид хэн нь юу ч дуугардаггүй. 

Монголбанк MCS болон бусад нэр бүхий компаниудад хэдэн триллион төгрөгийн хөнгөлттэй зээл олгосон. Хүүний зөрүүг нь тооцвол хэдэн зуун тэрбумын бэлэг өгсөн гэсэн үг. Бүхий л эдийн засгийн сурах бичгэнд төв банк ингэж болохгүй гэдгийг бичсэн байдаг. Ямар ч гайгүй улсын төв банк ийм зүйл хийдэггүй. Гэтэл манай эдийн засагчид дуугай л өнгөрсөн. 

Тэгэхээр Монголд нэр төрөө бодоод улс орны төлөө ажиллана гэж албан тушаалтнуудаас хүлээх боломжгүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төр засгийн удирдагчид хувийн материаллаг эрх ашгаа нийтийн эрх ашгаас дээгүүр тавиж ирсэн. Энэ тогтолцоогоор бол тэднээс юм найдаад хэрэггүй. Өөр шинэ хүн гараад энэ байдал өөрчлөгдөх үү гэвэл бас л хэцүү. Харин эрх баригчид өөрсдийнхөө төлөө ажиллах тусам  тэр нь үр дүндээ улс орны төлөө болох механизмыг л бүрдүүлвэл өөр үр дүн гарна. 

 Тухайлбал дараах механизмыг бүрдүүлж болно. 

  1. Эмчилгээгээ зөвхөн дотооддоо хийлгэх. Өөрсдөө гадаадад эмчилгээ хийлгэдэг тохиолдолд удирдагчид маань Монголын эмнэлгийг сайжруулах сонирхол төрөхгүй. Удирдагчид маань дотооддоо эмчилгээ хийлгэх шаардлагатай бол Монголын эмнэлгийг сайжруулахыг хүсэх болно. Ард түмэн маань дотооддоо л эмчилгээгээ авч байгаа. Улс орны удирдагчид л юм бол хувь заяагаа ард түмэнтэйгээ холбох ёстой.
  2. Утаатай газар амьдруулах. Өөрсдөө Зайсанд амьдардаг, хүүхдүүдээ гадагшаа явуулдаг тохиолдолд утааг бууруулах сонирхол байхгүй, утааг бууруулах шалтгааар мөнгө идэх л сонирхол байна. Иймд төр засгийн удирдагчид өөрсдөө утааны голомтод амьдардаг байя. Ингэвэл ямар хурдан утааг бууруулах бол. Ядахдаа Засгийн газрын ордон, яамд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын өргөө утааны голомтод байрлаж, өдөр болгон утаанд хахаж цацаж байвал утааг бууруулъя гэж бодно. Тэд өөрсдийнхөө төлөө утаа бууруулахаас өөр аргагүй болно.
  3. Улсын сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ сургах. Өөрсдийнхээ хүүхдүүдийнхээ төлөө боловсролын чанарыг сайжруулахын төлөө зүтгэнэ.
  4. Ажлын үр дүнгээс нь хамаарч урамшуулал тогтоох. Тухайлбал компанийн захирал бол ашигт ажиллагаа, хувьцааны ханш зэрэг бодитой объёктив хэмжүүрээс хамаарч урамшуулал шийдэгддэг. Улс орны удирдагчдын тухайд ДНБ-ийн өсөлт, амьжиргааны доод түвшний хэмжээ зэрэг нь  ийм бодитой объёктив хэмжүүр болж чадна.

    Үүнийг Төр засгийн удирдагч байсан хүмүүсийн хувийн хэрэглээнд хязгаар тавих замаар хэрэгжүүлж болно. Ард түмнээ ядууруулчаад тэд тансаглаад байх нь ариун явдал бишээ. Бас  ингэж л хэрэглээгээр нь хянахгүйгээр, орлого хөрөнгөөр нь хянана гэвэл үр дүнгүй. Хүний нэрэн дээр хөрөнгөө бүртгүүлээд, тэр хүнийхээ тансаг орон сууцанд үнэгүй амьдраад, тэр хүнээрээ бүх төлбөрөө тансаглаад явна. Жинхэнэ удирдагч хүн бол ард түмэнтэйгээ хувь заяагаа холбох ёстой. 

     Жишээ нь төр засгийн удирдагчдын маань хэрэглээ нь амьжиргааны доод түвшинг  10 дахин үржүүлснээс хэтэрч болохгүй ч гэдэг юм уу хязгаарлалт тавих арга байж болно. Ингэвэл мөнгө идээд ч зарцуулж чадахгүй учир мөнгө идэх нь утгагүй болно.     

 Магадгүй ийм юм ярихаар, хүний эрх зөрчинө гэж юм яриж магадгүй. Ажлын хариуцлага аль ч ажилд, аль ч улсад байдаг. Ажлын хариуцлага тооцох нь хүний эрх зөрчиж байгаа хэрэг биш. 

Тэгээд ч улс орны эрх ашгийн төлөө хүний эрхийг зөрчинө гэдэг бол байдаг л зүйл. Тухайлбал, цэргийн алба байна. Бүтэн 2 жил өөрөөс нь асуулгүйгээр, цэргийн албанд зүтгүүлж, хуаранд амьдруулж, даргын тушаалаар хөдөлгөнө гэдэг нь хүний эрхийг зөрчиж л байгаа. Гэхдээ улс орны төлөө, тусгаар тогтнолын төлөө цэргийн алба зайлшгүй шаардлагатай. Иймэрхүү байдлаар улс орны эрх ашгийн төлөө хүний эрхийг зөрчих тохиолдол бол дэлхийд, түүхэнд байсаар ирсэн, цаашдаа байна. Тэгээд ч таалагдахгүй бол анхнаасаа өндөр албан тушаалд очихгүй байж болно шүү дээ. Өндөр албан тушаалд очихгүй бол дураараа амьдарч болно. 

Дээр дурдсан механизмууд бол зүгээр л санаанууд. Өөр ч механизм байж болно. Гол нь улс орноо хөгжүүлөх, ард түмнээ сайн сайхан байлгахын төлөө өндөр албан тушаалтнууд буюу ачаа татуулах хүмүүсээ ажиллуулдаг, хөшүүрэгддэг, нүүдлийн хатуу бэрхийг хамтдаа туулдаг механизмыг бүрдүүлэх хэрэгтэй.  

Ер нь төр засгийн удирдагчдын яс махтай нь яриж байж л тэд улс орны төлөө ажиллана. Үгүй бол энэ этгээдүүд хувийн эрх ашгийн төлөө ажилланаа гэдгийг өнгөрсөн 30 жилийн түүх баталллаа. Ингэж эрх мэдэлтэн, албан тушаалтнуудад хариуцлага тооцдог, улс орны төлөө ажиллуулдаг механизмыг бүрдүүлэхийн тулд дараах байдлаар Үндсэн хуульд зүйл, заалт оруулах шаардлагатай. 

  1. Төрийн өндөр албан тушаалтнууд нь улс орныг хөгжүүлж, ард түмний сайн сайхан байдлыг хангах үүрэгтэй. Энэхүү үүргийн биелэлтийг хангуулах, нийтийн болон хувийн ашиг сонирхлын давхцалыг хангах үүднээс хуулиар төрийн өндөр албан тушаалтны зарим эрхийг хязгаарлаж, үүрэг оногдуулж  болно.
  2. Төрийн өндөр албан тушаалтнууд нь бүрэн эрхийнхээ хугацаанд болон дараа нь нийт ард түмний дундаж түвшингээс хэт давсан хувийн хэрэглээ, орон сууцны нөхцөл, хангамжтай байхыг хориглоно. Улс орны хөгжил, ард түмний сайн сайхан байдлын бодит үр дүнгээс шалтгаалан төрийн өндөр албан тушаалтан байсан хүмүүст хариуцлага оногдуулах ёстой. Энэхүү хариуцлагын тогтолцоог хуулиар тогтооно.

 

 

Үндсэн хуульд ийм заалт орвол органик хуулиудаараа янз бүрийн механизмуудыг оруулж өгөх боломж гарч ирнэ. 

 

2 Responses

  1. Ариунболд

    July 31, 2019 4:44 pm

    Уншлаа, дажгүй санаанууд байна аа, үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг санааг бичвэрийн сүүл хэсэгт сайн холбож өгөх байж уу.., гэж санагдлаа, тэр санаа нь Тухайлбал:
    – ҮХ-д өөрчлөлт оруулах гэж байгаа одоогийн энэ нөхдүүдийн талаар баримт оруулах, … гишүүн нэг хэлэлцүүлэг дээр … гэсэн санал гаргаж байсан нь … өнөөдөр эдгээр хүмүүсээр ачаа татуулах ёсгүйг илтгэж байгаа юм… гэх мэтээр,
    -цаашдаа улам сайн бичдэг болох байх аа, амжилт хүсье.
    -Бид мэт нь шүүмчилсэн уншигчид хэвээрээ л дуусах байх,
    – Бас хэн бичсэн бэ гэдэг нь харагдахгүй байна шүү..,

    Reply

Leave a Reply