Өнөөдрийн 09:00 цагаас эхлэн 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ын онлайн бүртгэл эхэлж, дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Үүнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр дараах мэдээллийг хийлээ.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ:
-МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ ЭНЭ ЖИЛЭЭС 400 ГЭСЭН БОСГО ОНООТОЙ БОЛСОН-
Өнөөдөр ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог нь шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ мэддэг шилэн технологийн аргыг нэвтрүүлж байгаа. Өмнө нь шалгалтаа өгснөөс хойш 14 хоногийн дараа дүнгээ мэддэг байсан. Энэ технологийг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна.
Энэ жил ЭЕШ-д урьдчилсан байдлаар 21 мянган шалгуулагч бүртгүүлэх тооцоо байгаа бөгөөд, бид бэлтгэл ажлыг хийж байна. Шалгалт хийхэд засалт хийх тусгай анги бэлдэнэ, тухайн ангид танхим танхимаараа хүүхдүүд дуудагдаад, засалт хийж буй үйл явцыг өөрийнхөө шалгалтын материалтай хамт ирээд харна. Ингээд өөрийн дүнг харж мэдчихээд дараагийн хичээлдээ орох боломж бүрдэж буй. Бидний урьдчилсан тооцоогоор улсын хэмжээнд нэг цагийн дотор бүх дүн албан сайтад гарчихсан байна.
Хоёр дахь гол онцлог бол энэ жилийн монгол хэл бичгийн шалгалт 400 гэсэн босго оноотой болсон. Өмнөх гурван жилд босго оноогүй явж ирснийг та бүхэн мэднэ. Монгол хэл бичгийн шалгалт гуравдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдана. Энэ бол их дээд сургуульд шалгуулагчдын заавал хамрагдах ёстой бөгөөд өнөөдөр бүртгэл нь мөн эхэлж байгаа.
Боловсролын үнэлгээний төвийн шалгалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат:
-ТАВДУГААР САРЫН 15-НААС ХОЙШ БҮРТГЭЛИЙН ДУГААР, НУУЦ ҮГЭЭ АШИГЛАН СУУДЛЫН ХУВААРИА ХЭВЛЭЖ АВАХ БОЛОМЖТОЙ-
Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсан дээр ЭЕШ-ыг зохион байгуулах журам тавигдсан. Мөн өнөөдөр бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор долоо хоногийн хугацаанд Улаанбаатар хотын болон зарим орон нутгийн бүх сургуулиудаар манай үнэлгээний төвийн мэргэжилтнүүд 12 дугаар сурагчид болон багш нартай уулзаж, холбогдох зөвлөгөө зөвлөмжүүдийг өгч байна.
Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй, бүртгэл онлайнаар явагдаж байгаа учраас дэлхийн аль ч өнцөг булан, ямар ч газраас хүссэн цаг хугацаандаа бүртгүүлэх бүрэн боломжтой. Бүртгүүлэхдээ мэргэжил сонголтоо маш зөв хийж, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцах вэ гэдгээ судалж, ямар ямар хичээлээр шалгалт өгөх вэ гэдгээ багш нартайгаа зөвшилцсөний үндсэн дээр бүртгүүлээд, нэг удаа баталгаажуулах ёстой. Бүртгэл хэдэн ч удаа нэмж хийлгэх боломжтой боловч нэгэнт баталгаажуулсан тохиолдолд ахин солих боломжгүй гэдгийг анхаараарай.
Хичээл сонголт хуучны адил 10 хичээлээс сонгоно. Энэ жилийн бас нэг онцлог бол өнгөрсөн жил оюутан элсүүлэх журамд өөрчлөлт орсны дагуу шалгуулагчид хамгийн багадаа хоёр хичээл сонгож шалгалт өгдөг болоод байна. Дээд тал нь 10 хичээл сонгох боломжтой.
Өнгөрсөн жил гарсан бас нэгэн асуудал бол хүүхэд шалгалт өгөх гэж байхад багш нь “чи энэ хичээлээр бэлдээгүй учраас энэ шалгалтыг өгөөд хэрэггүй” гэж хүслийг нь хорьсон тохиолдлууд гарсан. Эцсийн бүлэгт хэдэн хичээлээр шалгалт өгөх нь тухайн хүүхдийн өөрийн сонголтын асуудал гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Шалгалтын бүртгэл явагдаж дуусаад, тавдугаар сарын 15-наас хойш бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглаад Боловсролын үнэлгээний төвийн сайтаас өөрсдийн суудлын хуваариа хүссэн үедээ хэвлэж авах боломжтой.
Энэ жилийн хувьд шалгалт өгөх хүүхдийн тоо өнгөрсөн жилүүдийнхээс харьцангуй цөөн байгаатай холбогдуулан манай байгууллагаас ЭЕШ-ыг улсын хэмжээнд 30 шалгалтын байран дээр авахаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүний 22 нь хөдөө орон нутагт, найм нь Улаанбаатар хотод байх юм. Гэхдээ бүртгэл дуусаж тоо эцэслэхээр энэ тоо ч мөн эцэслэгдэнэ. Шалгалтын байруудыг тоног төхөөрөмжөөр хангасан. Хяналтын камер, сонсголын төхөөрөмж, бар код уншигч, металл илрүүлэгч гэх мэтийг дурьдаж болно.
Шалгалтын дүнг жагсаасан жагсаалт улсын хэмжээнд уг шалгалтыг авснаас хойш 24 цагийн дараа гарна. Их дээд сургуулийн консерциумаас гаргасан 28 мэргэжлийн бүлэг тус бүрээс жагсаалт гаргадаг байсан бол энэ жил ЭЕШ өгч байгаа 10 хичээл тус бүрт 10 төрлийн жагсаалт гардаг болж өөрчлөгдсөн. Тухайлбал, математикын хичээлээр шалгалт өгсөн 15 мянган хүүхэд байлаа гэхэд 15 мянган хүүхдийн жагсаалт гарна гэсэн үг.
Батламжийн хуудсыг шалгалт дууссанаас хойш гурав хоногийн дотор шалгуулагчдын гар дээр очих байдлаар хүргэх ажлыг зохион байгуулж дуусна. Ингэснээр тэд өөрсдийн авсан дүн оноонд үндэслэн их дээд сургуульд элсэх элсэлтийн ажил руугаа анхаарах боломжтой болж байна.
Leave a Reply