2004 оны дуулиант хэргүүд

, , Сэтгэгдэл бичих

 

  • Сэтгүүлчийг хорив

“Монголын нэг өдөр” сонины сурвалжлагч Э-д Баянзүрх дүүргийн шүүхээс гурван сар нэг хоногийн баривчлах ял оноосон. Түүнийг Ганцхудаг руу авч явахын өмнө мэргэжил нэгт сэтгүүлчид нь цагдаа нартай сөргөлдөөн үүсгэсэн байна. Нийт 60 гаруй цагдаагийн албан хаагчид, 100 орчим сэтгүүлчид үүнд оролцжээ.

Сэтгүүлчдэд халдах, шүүхэд дуудан торгууль болон ял оноох явдал гарч байгаа сэтгүүл зүйн эрх чөлөөг үл хүндэтгэж буй явдал бөгөөд энэ нь даамжрах аваас үнэн бодит мэдээллийн мөр алдагдах аюултай юм.

  • МАХН-ын шоу

2004 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлтийг эхлүүлж, нэр дэвшигчдийн мандат олгох нижгэр үйл ажиллагаа МАХН-ын төв байрны урд зохион байгуулагджээ. Энэ үеэр олон хүн бэртэж гэмтэн, эмнэлэгт хүргэгдсэн ба гэмтлийн эмнэлгийн өгсөн мэдээллээр 86 хүн бэртэж, 2 хүн нас барсан байна. Гэмтлийн шалтгаан нь дарагдсан болон хутгалуулсан бөгөөд нас барсан хоёр иргэний нэг нь гүрээнийхээ судсыг огтлуулсан байсан бол нөгөөх нь бөөр, дэлүү хэсгээрээ хутгалуулсан шархтай байсан аж. 

Болсон явдлын тухай цагдаагийн газраас тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа нь энэ тухай нуун дарагдуулах дарамт, шахалт ирсэнтэй холбоотой байж магадгүй хэмээн сэжиг төрүүлжээ. 

  • 10 сая доллар

Монгол банкны тухай хуулиар Монгол Улсын валютын нөөцийг гадаадын банкинд байршуулан хүүгээр нь мөнгөө өсгөхийг зөвшөөрсөн ба ингэхдээ олон улсын нэр хүндтэй, “A” зэрэглэлийн банкинд байршуулж болохоор хуульчилжээ. Тэдгээр банкууд нь давхар баталгаатай, хадгалуулагч этгээд мөнгөө ямар ч тохиолдолд алдахааргүй нөхцөл бүрэн хангагдсан, сар тутам 1.5 хувийн төлдөг аж. Гэтэл Монгол банк валютын нөөцөөсөө 10 сая ам.долларыг ОХУ-ын “Кредит траст” гэх арилжааны жижиг банкинд хадгалуулсан байна. Тухайн банкны хүү нь 4.5 орчим хувь байсан хэдий ч дампуурчээ. “Банк Россия”-аас түүний лицензийг хурааж авсан тул Монгол улсын хадгалуулсан 10 сая ам.долларын сураг баларсан байна.

  • Төрийн нууц материал

Үндэсний аюулгүй байдлын албаны ажлын албаны дарга асан Ж-ийн компьютер үл мэдэгдэх шалтгаанаар гэмтжээ. Үүнээс үүдээд улсын нууцтай холбоо бүхий зарим нэг нууц материал алга болсон байна. Харин компьютераа засуулахдаа хувийн компанид хандсан нь асуудлын дуулиан гаргахад хүргэжээ. Учир болвоос, уг компаний эзэн нь бүрэн эрх нь дууссан УИХ-ын гишүүн аж. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг агуулсан файлыг санаатайгаар устгасан байж болзошгүй хэмээн үзэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Устсан материалууд дунд мөн авилгал, хээл хахууль, эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын мөнгө шамшигдуулсан зэрэг мэдээллүүд багтаж байсан хэмээжээ.

  • Өөрийгөө санхүүжүүлэгчид

Гадаад дахь ЭСЯ-дад “өөрийгөө санхүүжүүлэх” гэгч хэлбэрээр арга зальтай хүмүүсийг дипломат эрх ямба эдлүүлэн явуулах ажлыг Гадаад хэргийн яамны сайд асан Э өөрөө биечлэн хийж байжээ. Тэдгээр “өөрийгөө санхүүжүүлэгч” нар нь дипломат паспорт, эрх ямбаар хаацайлан хууль бус наймаа хийх зорилготой, тамхи болон бусад хууль бус наймааны томоохон сүлжээ байгуулан ажиллуулдаг байсан аж. Тухайлбал, сайд Э-ийн Вена дахь ЭСЯ-нд явуулсан этгээд нь тамхины наймаа хийж яваад баригдан Германы шоронд хоригдсон явдал гарчээ.

  • Монгол банк

Монгол банкны ерөнхийлөгч асан Ч нь үл мэдэгдэх санхүүгийн бүлэглэлээс 130 сая ам.долларыг 40 жилийн хугацаатай зээлэхийг оролдсон, Монгол улсын гадаадад байршуулсан 8 сая ам.долларын тавыг нь О хэмээх хүнд шилжүүлэх гэж байсан болон 10 сая ам.долларыг ОХУ-ын хувийн банкинд байршуулсан зэрэг эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй олон асуудалд холбогдсон байна.

  • Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар

АМХЭГ-ийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд хяналт хийхэд төсвөө 105 сая төгрөгөөр хэтрүүлсэн зөрчил илэрчээ. Хэтэрсэн зардлын дийлэнх нь гадаад байгууллага, хувь хүний томилолтын зардлыг дааснаас үүдэлтэй аж. Тухайлбал, Үйлдвэрлэл худалдааны сайдын зөвлөх асан Д-ын Нидерланд, Португал улсад ажилласан зардлын 5 сая төгрөг, мөн яамны газрын дарга асан Э-ийн Украйн, Швейцарид явсан 2,5 мянган ам.доллар, Төрийн нарийн бичгийн дарга асан Ё-ийн ЗӨА-ийн орнуудад ажилласан томилолтын зардал 2,2 мянган ам.доллар, УИХ-ын гишүүн асан Д-ийн Канад явсан зардлын 1000 ам.доллар, Үйлдвэр,худалдааны дэд сайд асан Э-ийн Япон явсан зардал 800,000 орчим төгрөг болон 1000 гаруй ам.доллар, Үйлдвэр, худалдааны сайд асан Г-ийн БНСУ-д ажилласан томилолтын 1650 ам.доллар болон 1.6 сая төгрөгийг тус бүр даасан байна.

  • Вьетнамын ЭСЯ-д гарсан хүн амины хэрэг

Вьетнамын иргэн Вам Чюль Нго нь биеэ үнэлэгчдээс болоод “Космос” бааранд хэл ам үүсгэж, монгол иргэний толгойг архины шилээр цохин гэмтэл учруулах үед эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгч А хүрэлцэн иржээ. Улмаар Вьетнамын иргэн эсэргүүцэл үзүүлж зодолдсон ба улмаар даамжран ЭСЯ-ныхаа I нарийн бичгийн даргыг дуудсан байна. Элчингийн хашаанаас 22.00 цагаас хойш хэн ч гарах ёсгүй, хэрэв гарахаар бол улсынхаа далбаатай явах ёстой атал шөнийн 00.00 цаг болж байхад Элчингийн хашаанаас хүн гарч ирж, хаалга онгойход Вьетнам эр дотогшоо гүйгээд оржээ. Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгч ч мөн адил хашаа ороход нь түүний зүрхэн тус газар нь хутгалж хороосон аж.

Энэхүү хэрэг нь Вьетнамын ЭСЯ-ны хашаан дотор болсон учир дан ганц Монгол улсын хууль дүрмээр шийдэгдэхгүй болсон нь ихээхэн асуудал, шуугиан дагуулсан билээ.

  • Атташегийн нөхөр

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан хатагтай Б нь ОХУ-ын Улаан-Үд хот дахь консулын атташе хэмээх албан тушаалаар “шагнуулжээ”. Гэвч нүгэл нүдээрээ гарна гэгчээр түүний нөхөр А нь согтуугаар хүний амь нас хөнөөсөн бөгөөд цагдаагийнхан гэмт этгээдийг эрэн сурвалжлахад аль хэдийнээ дипломат паспортаар оргон зайлсан байв.  

  • Луйврын хувьчлал

Тухайн цаг үед Монголдоо хамгийн том татвар төлөгч байсан Худалдаа Хөгжлийн Банк (ХХБ)-ийг хувьчилсан билээ. Нэг жилд 10 тэрбум төгрөг улсын төсөвт оруулдаг байсан банк хувьчлагдсанаас хойш ердөө 321 сая төгрөг татвар төлсөн байна. Үлдсэн мөнгө нь хувьцаа эзэмшигчиддээ оногдсон хэмээн хардагдаж байгаа бөгөөд уг банкны хувьчлалд Монгол банкны ерөнхийлөгч асан Ч гардан оролцож, өөрөө хувьцаа эзэмшигч болсон гэж үзэж буй юм. Тус банкийг хувьчлахдаа 2000-2002 онд улсад төлөх ёстой байсан 2 сая ам.доллараар авч. ХХБ-ийг өөрийнх нь мөнгөөр худалдан авсан нь өмч хувьчлалын асар том луйвар болсон гэж тухайн үеийн сонин нийтлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэлж байжээ. 

  • Марубенийн шүүх хурал

“Буян Холдинг” компани Японы “Марубени” корпорациас 12 сая гаруй ам.долларын зээлийн төлбөртэй аж. Уг зээлд харин Монгол улсын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн байжээ. Гэвч зээлийг удаан хугацааны турш төлөөгүй учир “Марубени” корпарацийн зүгээс нэхэмжлэл гарган шүүхэд хандсан. Англи улсын шүүх дээр удаах хэрэг явагдсан бөгөөд Монгол улсын ЗГ-ыг төлөөлөн Хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайдаас эхлүүлээд Сангийн яам болон холбогдох байгууллага, агентлагийн албан хаагчид оролцсон. 

Зээлийн томоохон асуудалд Монгол улсын нэр холбогдсоноор олон улсын тавцанд хөрөнгө оруулалт, зээл тусламжийн аливаа асуудалд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн билээ.

  • Нийгмийн даатгал

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга асан Э гэгч эмэгтэй нь нийгмийн даатгалын санд иргэдийн төлсөн мөнгийг хувьдаа ашигласан байна. Мөн УИХ-ын гишүүн асан Ц нь уг даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байх үед мөнөөх Э орлогчоор нь ажиллаж байжээ. Түүнийг мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдуулан Ганцхудагт хорьсон юм.

 

Эх сурвалж: Өдрийн Сонин, 2004 он

 

Сэтгэгдэл үлдээх