УИХ-ын эрхэм гишүүд нь сонгогдсон тойргоо төлөөлж хууль батлах, төвлөрсөн төсвийг хуваарилах өндөр эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Өөрийн сонгогдсон тойрогтоо улсын төвлөрсөн төсвөөс хөрөнгө оруулалт татна гэдэг аль ч улсын парламентын гишүүдийн гүйцэтгэх ажлын нэг чухал, томоохон хэсэг байдаг билээ. Тиймээс зарим овсгоо самбаатай гишүүд нь тойрогтоо ихээхэн хөрөнгө оруулалт хуваарилуулж амждаг бол нөгөөтэйгүүр ямар ч хөрөнгө оруулалт татдаггүй сэтгэлгүй эсвэл чадваргүй, арчаагүй гишүүд ч бий.
Ийнхүү өөрийн төлөөлж буй тойрогтоо хөрөнгө оруулалт татаж чадалгүй, сүүл мушгисан арчаагүй, сэтгэлгүй, чадваргүй УИХ-ын гишүүдийн жагсаалтыг гаргалаа.
Хүснэгт: Баян ходоод болсон тойргууд
№ | Дүүрэг/аймаг | Санхүүжилт /сая.төг/ | Хүн амын тоо | Нэг хүнд ноогдох /мян.төг/ |
1 | Баянгол дүүрэг | 26,684.8 | 226,869 | 117.6 |
2 | Баянзүрх дүүрэг | 65,860.4 | 343,619 | 191.7 |
3 | Сүхбаатар дүүрэг | 35,747.9 | 145,335 | 246.0 |
*Тэмдэглэл: “МУ ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2020 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ЖАГСААЛТ”-ийг ашиглан бэлдэв. Ингэхдээ зөвхөн тухайн дүүргийн иргэдэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг энэ тооцоонд оруулав. Тухайлбал Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтад “Архангай аймгийн Улаанбаатар хот дахь оюутнуудын дотуур байрын барилга” /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ гэснийг оруулаагүй. Мөн Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтад “Авлигатай тэмцэх газрын барилгын их засвар” /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ гэснийг оруулсангүй.
Хөрөнгө оруулалт татах эсэх асуудал нь кноп дарах, хууль санаачлах эрх мэдэл бүхий тэдний сэтгэл, зүтгэлээс цэвэр хамаарна. Ялангуяа, Нийслэлийн Сүхбаатар дүүргээс Монгол Улсын Ерөнхий сайд болон сайдын алба хашиж байсан, мөн хашиж байгаа Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Сү.Батболд мэтийн хүмүүс сонгогдсон байдаг. Эдгээр хүмүүс тойрогтоо хөрөнгө оруулалт татъя хэмээн үнэхээр хичээсэн бол жагсаалтын эхэнд ордоггүй юмаа гэхэд сүүл мушгилгүй, дор хаяж улсын дунджийг барих бүрэн дүүрэн боломжтой байсан биз ээ.
Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, цэвэр ус, бохирын шугам сүлжээ, засмал зам болон амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, цэцэрлэг гээд тулгарч буй олон асуудлыг шийдэж болохуйц эх үүсвэр Монгол улсын төсөвт бий. Ард түмэндээ санаа тавьдаг бол тансаг хэрэгцээний машин унаа, конторын зардлыг танаад, оронд нь тойрогтоо төвлөрүүлэх боломжтой байсан хэдий ч, харамсалтай нь арчаагүй тэдэнд сэтгэл дутсанаас болоод тэднээр төлөөлүүлсэн олон мянган иргэд асуудалтайгаа дахин зохицож амьдрах хэрэгтэй болох нь.
Тэгвэл эсрэгээрээ хамгийн овсгоотой буюу тойрогтоо хамгийн их хөрөнгө оруулалт татсан нь хэн бэ?
Хүснэгт: Mанлай болсон тойргууд
№ | Дүүрэг/аймаг | Санхүүжилт /сая.төг/ | Хүн амын тоо | Нэг хүнд ноогдох /сая.төг/ |
1 | Хэнтий аймаг | 121,294.20 | 77028 | 1574.7 |
2 | Говьсүмбэр аймаг | 17,972.80 | 17796 | 1009.9 |
3 | Увс аймаг | 66946.5 | 84309 | 794.1 |
4 | Говь-Алтай аймаг | 39794.1 | 58471 | 680.6 |
5 | Завхан аймаг | 46788.9 | 72779 | 642.9 |
Айлын хүүхдүүд ийм айхтар гэгчээр Хэнтийнхэн нэг хүндээ 1574.7 мянган төгрөгийн, Увсынхан тойргийнхоо нэг хүнд 794 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт татаж чадсан байна. Тойрогтоо мөнгө татах гэж хичээх нь ч сонгогдсон гишүүдийн түмэн зөв билээ.
Эдгээр тойргуудаас сонгогдсон гишүүд үнэхээр мундаг, тойргийн сонгогчид нь үнэхээр азтай ажээ. Ялангуяа сөрөг хүчнээс сонгогдон, амаргүй давааг туулан байж аймагтаа нэг хүнд 642.9 мянган төгрөг ногдох хэмжээний хөрөнгө оруулалт татсан Завхан аймгийн Нарантуяа, Санжмятав гишүүд болон аймгийн Засаг дарга Д.Батсайхан нард онцгойлон баяр хүргэмээр байна.
Харин миний оршин суудаг Сүхбаатар дүүргээс сонгогдсон Ц.Мөнх-Оргил, Д. Цогтбаатар нар нь тойргийнхоо нэг хүнд 246 мянган төгрөгийн хэмжээний л мөнгө олж ирсэн байх юм. Энэ тооцоогоор бол Сүхбаатар дүүргийн 10 хүн Хэнтийн 1 хүнтэй тэнцэх ёстой юу? Монгол Улсын Үндсэн Хуулинд заасан иргэн бүр тэгш эрхтэй гэсэн заалт яагаад зөрчигдөж байна вэ?
Тойргийнхоо сонгогчдын эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлээгүй Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар ямар нүүрээрээ ахин сонгогдож байна вэ? Цэцэрлэг сургууль барих, зам тавих мөнгөөр өөрсдөдөө тансаг зэрэглэлийн машин авсан МАН-ынхан юуны учир ахин сонгогдоно вэ?
Удахгүй болох төсвийн хуваарилалттай холбоотой хэлэлцүүлгээр өөрийн тойрогтоо хөрөнгө оруулалт татаж чадаагүй гишүүдэд хариуцлага тооцох, ахин сонгохгүй байх хөдөлгөөн өрнүүлбээс зохилтой болов уу.
Бичсэн: Э.Булдорж
Сэтгэгдэл үлдээх