Ард иргэд ба улс төр

, , Leave a comment

/Поп бодлого нэвтрүүлгийн үеэр хөндөгдсөн асуудал болно/

Монголын ард иргэдийн өдөр тутмын аж амьдралд улс төрийн үзүүлэх нөлөө үлэмж их байдаг. Сонгуулийн үр дүнгээс хамаарч дараагийн 4 жилд амьдрал ямархуу дүр зурагтай байх нь тодорхойлогдоно. Тиймээс улс төрийн хүрээнд иргэдийн оролцоо, дуу хоолой маш чухал хэдий ч харамсалтай нь одоогоор энэ байдал дутагдаж байна. Улсын иргэн болохын хувьд хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх боломжтой хамгийн чухал үе буюу сонгуулийн үеэр саналаа худалдах, ойр тойрны хүрээний санал болгосон хүнийг сонгох гэх мэтээр хайхрамжгүй хандах тохиолдол олонтаа бий. Эдгээр нь төрийн эрхэм түшээдэд өөрийн дураар авирлах, бүх нийтийн биш бүлгийн ашиг сонирхлыг хамгаалах таатай хөрсийг бүрэлдүүлж байна.

Нөгөөтэйгүүр, сонгуулийн мөчлөг 4 жилийн завсартай байгаа нь удаан хугацаа байж болох бөгөөд иргэдийн улс төрд оролцох нөлөөг илүү ойр давтамжтай байлгах арга зам, механизмыг боловсруулах нь зүйтэй. Ардчиллын индексээр тэргүүлэгч, өндөр хөгжилтэй улс орнууд нь дан ганц парламентийн сонгуулиар хязгаарлагдахгүйгээр, засгийн газарт хяналт тавих, нөлөөлөх тогтолцоог тогтвортой хадгалах үүднээс сонгууль, санал асуулгын үйл ажиллагааг ойрхон давтамжтай явуулдаг жишиг бий. Үүнтэй холбоотойгоор зардал, мөнгөний асуудал яригдах боловч техник технологи, харилцаа холбооны хурдацтай хөгжлийн өнөөгийн эринд энэ бүхнийг хялбар, хямд, шуурхай аргаар зохион байгуулах боломжтой.

Монголын улс төрийн хүрээнд парламентийн гишүүд бүрэн эрхийнхээ 4 жилийн хугацааны дийлэнхэд нь үр бүтээл муутай, идэвхгүй байж байгаад сонгууль дөхөх үед идэвхжин, ажил хэргийн амлалтууд өгдөг дүр зураг сүүлийн 30 орчим жилийн хугацаанд тасралтгүй ажиглагдсаар байна. Мөн олон нийтийн нүдэнд алдаа дутагдал гаргасан ямар нэг сайд, албан хаагчийг буруутгах, арга хэмжээ авах зэрэг шийдэмгий үйлдэл хийж харагдсанаар өөрийн “имиж”-ээ өсгөдөг арга барил сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа харагдсан билээ.

Тиймээс ард иргэд аливаа асуудалд нухацтай хандах, “имиж”-ийг харахаас илүүтэй бодлого, мөрийн хөтөлбөрт илүүтэй анхаарал хандуулж сонголтоо хийж байх нь оновчтой юм. Харин улс төрийн сонгуульд өрсөлдөж буй намууд нь мөрийн хөтөлбөрөө ерөнхий биш илүү нарийвчилсан, тодорхой судалгаа шинжилгээний үндэстэйгээр боловсруулах шаардлагатай.

 

Leave a Reply