2001 оны дуулиант хэргүүд

, , Leave a comment

Өнгөрсөн жилүүдэд олныг шуугиулж байсан томоохон хэргүүдийн тухай цуврал мэдээлэл бэлтгэн оруулж байгаа билээ. Энэ удаа 2001 онд гарч байсан дуулиант хэргүүдийн тухай оруулж байна.

  • Нисдэг тэргийн осол

2001 оны 1-р сарын 14-ний өдөр “Тэнгэрийн Улаач” компаний МИ-8 нисдэг тэрэг 

Увс аймгийн Малчин сумаас баруун урагш 15 км газарт Баянхайрхан уулын Хайрханы ам хэмээх газрын ойролцоо осолдсон золгүй хэрэг гарч байжээ. Зудын гамшгийн байдлыг тодорхойлох, нөхцөл байдалтай танилцах зорилго бүхий уг нислэгийн бүрэлдэхүүнд НҮБ-ийн гамшгийг үнэлэх, зохицуулах ажлын хэсэг болон Монголын холбогдох байгууллагын хүмүүс, УИХ-ын гишүүн нар багтсан байв. Ослын улмаас нийт 9 хүн газар дээрээ нас барсан байна. Тодруулбал, НҮБ-ийн 4 ажилтан, Японы NHK телевизийн 2 сурвалжлагч, УИХ-ын гишүүн асан О зэрэг хүмүүс амиа алдсан хэмээх мэдээ олон нийтийг ихэд цочроож байлаа.

  • Зэсийн хулгай

“Эрдэнэт” үйлдвэрээс БНХАУ-руу гаргах гэж байсан зэсийн баяжмалаас 6 тонн нь алдагдсан байна. Тухайлбал, нэг уутандаа 3 орчим тонноор орчмоор савлагддаг, 24 уут зэсийн баяжмал вагоны тээврийн бичиг баримтад бүртгэгдсэнээс 2 уут буюу зургаан тонн нь алдагдсан тухай Төмөр замаас мэдэгджээ. 

  • Нулимс асгаруулагч хий хил давуулахыг завдав

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцонд 36 ширхэг сав бүхий нулимс асгаруулагч хий нуусан байсныг холбогдох ажилтнууд олж илрүүлжээ. Гаалийн Ерөнхий газраас уг хэрэгт Б хэмээх үйлчлэгч бүсгүйг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд тэрбээр МИАТ компаний дэд захирал асан Б-ын дүү болж таарсан нь ихэд сонирхол татаж байна.

  • Дипломат зөрчил

Монгол улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа ЭСЯ-ны ажилтан албан үүргээ гүйцэтгэхийн хажуугаар хууль бус наймаа эрхэлж байсан нь илэрчээ. Эл асуудал нь 1961 онд батлагдсан Дипломат албаны тухай Венийн Конвенц ёсоор түүний халдашгүй байдал, дархан эрх ямбыг түдгэлзүүлэх үндэстэй учир тус улсаас Монгол улсын ГХЯ-нд эгүүлэн татаж авахыг хүссэн нот бичиг ирүүлжээ. Улмаар ГХЯ-наас түүнийг Монголд эгүүлэн татах шийдвэр гаргасан болохоо мэдэгдсэн.

  • Алт тээвэрлэх оролдлого

Улаанбаатараас Сөүл нисэх МИАТ-ийн MGL-301 рейсийн “Аэробус-310” онгоц нисэхэд бэлэн болж байсан мөчид Буянт-Ухаагийн гаалийн ажилтан эмэгтэй онгоцны дотор, гар тээшний хэсэгт вискиний хайрцаг хийчихээд гараад явжээ. Онгоцны экипажийнхан нислэгийн аюулгүй байдлыг хангах бүрэн эрхийнхээ хүрээнд уг хайрцгийг шалгаж үзэхэд 3 кг орчим, зургаан гулууз алт байсан байна. Нисэх багийн дарга энэ тухай гаалийн албан тушаалтанд мэдэгдэж, алтыг орхиод нисчээ. Уг хэрэгтэй холбоотойгоор хил, гаалийн ажилчдыг Буянт-Ухаа дахь ОУ-ын нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын албанаас шалгах эрхийг нээх тухай болон авилгын тухай асуудал хүчтэй хөндөгдөв.

  • Гэмт хэргийн ертөнцийн хагарал

“Центрпоинт” төвийн бааранд томоохон зодоон гарсан хэрэг болжээ. Уг хэрэгт бизнесийн хүрээллийн нөлөө бүхий хэд хэдэн хүмүүс холбогдсоноороо онцлогтой. Тухайлбал, “Цагаан Шонхор” компаний захирал Э, “XL-TA” компаний захирал Б, “Центрпоинт” төвийн захирал М, Д, Б нарыг цагдан хорьсон. Цагдаагийнхан тэднийг зөвхөн уг хэргээс гадна бусдыг айлган сүрдүүлсэн, дарамталсан, тийм аргаар их хэмжээний мөнгө авсан зэрэг үндэслэлээр буруутгав. Нууц казино хэмээн нэрлэгддэг энэхүү төвд болсон хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд болон бусад төрийн өндөр дээд албан тушаалтнууд хэнд ч захирагддаггүй гэмт хэргийн бүлгийн тухай болон тэдэнтэй тэмцэх цаг болсон тухай дурьдаж байв. Мөн нэмж 15 хүний нэрсийн жагсаалтыг гарган, эрэн сурвалжилсан бөгөөд уг хэргийг шалгаж тогтоосноор урьдын учир битүүлэг хэргүүдийг учир тайлагдана хэмээн Цагдаагийн газраас мэдээллэжээ.

  • Газрын наймаа

Улсын тусгай хамгаалалтын газар нутгаас иргэд, аж ахуй нэгж, байгууллагад газар ашиглуулах шийдвэрийг зөвхөн Байгаль орчны яамнаас гаргадаг. Харин хамгаалалтын захиргаагүй газарт сум, дүүргийн Засаг дарга нар газар ашиглуулах асуудлаар төрийн захиргааны төв байгууллагад санал оруулах эрхтэй байхаар хуульд заасан. Гэтэл Нийслэл, дүүргийн засаг дарга нар Богдхан уулын дархан цаазарт газрын дэвсгэрээс иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар ашиглуулах захирамж удаа дараа гаргаж байгаа нь засаг захиргааны удирдлагууд авилгал, хээл хахуульд өртөж буйн илрэл болж байна.

  • Эрдэнэтийн буян

АН-ын дарга асан Д нь “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал байх үедээ их хэмжээгээр хөрөнгөжсөн, авилгал авсан тухай зөрчлүүд илэрчээ. Тодруулбал, гадаадын компанид хууль бусаар 800,000 ам.доллар шилжүүлсэн, үйлдвэрээсээ 130,000 ам.доллар зээлж аваад эргүүлэн төлөөгүй, ажлаасаа чөлөөлөгдсөн ч хэдий ч 53.7 сая төгрөгийн үнэтэй “Лэнд Ровер” машин, 1300 орчим ам.долларын өртөгтэй гар утсыг буцааж өгөлгүй, хувьдаа ашигласаар байгаа талаар дурьдсан байна.

  • Шонхрын наймаа

Монголын эдлэг шувууг гадны иргэд сонирхох явдал их байдаг. Үүнтэй холбоотойгоор, түүнийг хууль бусаар худалдах, зөөвөрлөх оролдлогууд тасралтгүй гарсаар байдаг билээ. Ямар нэгэн бичиг баримтгүй, 40 орчим насны, өөрийгөө Пакистаны хэмээн мэдүүлж буй иргэнийг БГД-ийн Х хорооллын 20-р байрны 9-р тоотод 24 эдлэг шонхор шувуутай амьдарч байхад нь илрүүлжээ.

Мөн Байгаль орчны хяналтын алба, хууль хяналтын болон гадаадын иргэний асуудал хариуцсан байгууллагууд хамтран ажиллаж Пакистан улсын хоёр иргэнийг хувийн журмаар шонхор шувуу авч гарах зорилготой байсныг илрүүлэн шалгасан байна.

Дараах хэргүүдэд Монгол улсын иргэн, албан хаагчид тус үзүүлж, зуучилдаг болох нь мөн илэрчээ.

  • Цахилгааны хомсдол 

Монгол улс эрчим хүчний хэрэглээг бүтнээр нь өөрсдөө хангадаггүй. ОХУ-ын “Технопромэкспорт” компани манай улсад эрчим хүч нийлүүлдэг. Цахилгаан эрчим хүч байнга авах гэрээ хийсэн манай улсын ганц түнш нь уг компани боловч зарим аймгуудын тогийг тасална хэмээн удаа дараа мэдэгдэж, Эрчим хүчний удирдах газрыг сандаргаж байлаа. Үүний учир нь манай улс “Технопромэкспорт” компанид хоёр сарын төлбөр болох нийт 175.8 мянган ам.доллар буюу 180 орчим сая төгрөгийн өртэй байсан ажээ.  

  • Спирт

2000 оны байдлаар Гаалийн ерөнхий газар хууль бусаар орж ирсэн 105 мянган литр спиртийг илрүүлэн устгасан бол 2001 оны 7-р сарын байдлаар улсын хэмжээнд нийт 70 мянга гаруй литр спирт илрүүлж хураасан байна. Албаны мэдээллээр спирт зөөвөрлөдөг тав, зургаан том бүлэглэл байдгийг тогтоосон ба Монголд хууль бусаар оруулж буй их хэмжээний спиртийн цаана цэрэг, цагдаа, гаалийнхан байх магадлалтай хэмээн Гаалийн ерөнхий газрын хэрэг бүртгэлийн хэлтсийн дарга асан Г “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

  • Эрүү шүүлт

Ганц Худагт хоригдож буй хоригдлууд болон хэрэг нь хөөн хэлэлцэгдэж буй сэжигтнүүдийг Ганц Худагт саатуулахдаа эрүү шүүлт тулгадаг, харгалзагч нарын явуулгаар хоригдлууд нь танхайрч, дарамталдаг хэмээх мэдээлэл тархсан. Уг яриа олон нийтийн хүрээнд өргөн тарсан учир Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд энэхүү асуудлыг цэгцэлж, урьдчилан хорих төвийг үнэхээр эрүү шүүлтийн газар мөн үү, үгүй юу гэдгийг шалгах үүргийг Улсын ерөнхий прокурор болон ЦЕГ-т үүрэг болгож байжээ. Хэдийгээр хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, мөн хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байлаа ч тэднийг эрүүдэн шүүх нь хүний эрхийн тухай олон улсын конвенцуудыг зөрчиж буй явдал юм.

  • ТЭЦ IV-т гарсан осол

ТЭЦ IV-д гурав хоногийн дотор гурван хүн золгүйгээр амь насаа алдсан хэрэг гарч байжээ. Тухайлбал, 9-р сарын 14-ний өдөр тус станцийн засварт тендерийн дагуу оролцож байсан “МЭЗ” ХХК-ийн халах гадаргуугийн засварчин засварын ажлаа гүйцэтгэж байхдаа хөл алдаж, 20 гаруй метрийн өндрөөс унасан байна. Уг ослоос 2 хоногийн дараа цахилгааны шүүлтүүрийн ээлжийн хоёр цахилгаанчин амиа алдсан байхыг маргааш өглөө нь олжээ.

  • Том компаний залилан

Өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг, Монгол улсын томоохон компаниудад хүртэл итгэхэд бэрх бололтой. Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн хэлтсээс “Фортуна групп”-ийн босс, ЗГХЭГ-ын дарга асан Б-г эрүү үүсгэн шалгав. Учир нь Фортуна групп нь НИК-д бензин нийлүүлнэ хэмээн их хэмжээний мөнгө залилжээ. Залилангийн хохирлын хэмжээг ЦЕГ-аас 600 сая гаруй төгрөг хэмээн тооцоолсон байна.

  • Уурхайн осол

2001 оны 4-р сарын 19-ний өглөөний 9 цаг 45 минутад Багануурын уурхайн нүүрс тээх дамжлага дээр хүчтэй дэлбэрэлт гарсан байна. Дэлбэрэлтийн улмаас 4 хүн газар дээрээ нас барсан байна. 24 метрийн өндөрт уг дамжлага дээр нийт 20-д хүн ажиллаж байсан бөгөөд уг осол нүүрсний дэлбэрэлтээс илүү хүчтэй байсан хэмээн мэдэгджээ.

Энэхүү явдлаас 2 сарын өмнө Налайхын уурхайд мөн нуралт үүсч, 4 хүний амь эрсэдсэн хэрэг гарсан. Үүнээс уурхайд аюулгүй ажиллах нөхцөл, орчин хангалтгүй байгааг чухалчлан анхаарах хэрэгтэй юм.

  • Паспортын бизнес

Дэлхийд олон улс оронд визгүй зорчдогоороо “A” серийн паспорт давуу талтай байдаг. Үүнийг дагаад эрэлт, хэрэгцээ их байдгийг ашиглан уг паспорттой холбоотой бизнес газар авсан байжээ. Хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр “А” серийн паспортоор хил нэвтрэх гэж байсныг саатуулахад уг паспортаа ГХЯ-ны зарим ажилтнаас өндөр үнээр худалдаж авсан болохоо мэдүүлсэн байна. Мөн түүнчлэн ГХЯ-ны айж ахуйн нярав Г нь 312 ширхэг “А” паспорт авч гарах гэж байхад нь зогсоож байжээ. Харин тэдгээр паспортыг хүчингүй болгон устгах гэж байсан хэмээх тайлбарыг яамнаас нь өгчээ.

 

Эх сурвалж: Өнөөдөр Сонин, 2001 он

 

Leave a Reply