Мөрийтэй тоглосон хоёр албан хаагчийг ажлаас нь чөлөөлнө

, , Leave a comment

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөрийтэй тоглосон, энэ төрлийн газраар үйлчлүүлсэн нь нотлогдсон Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.

Тэрбээр, Төрийн албаны тухай хуулийн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёсзүйн дүрмийг шинэчилсэн. Ингэхдээ 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, гадаадад зорчихдоо, мөрийтэй тоглох, мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэхийг хориглосон заалт оруулсныг өмнө нь мэдээлж байсан. Энэ хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж мэдээлэл ирүүлсэн иргэдэд талархлаа. 10 гаруй мэдээлэл ирснээс дээрх хоёр албан хаагчийн мэдээлэл нь бодитой гэдэг нь нотлогдож байгааг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Тиймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайхан нарт эдгээр хүмүүст хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг даалгалаа. Мөн холбогдох баримтыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн’ хэмээв.

Түүнчлэн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг Ч.Улаан сайд гаргасныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн тэмдэглэлээ. Дээрх асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг Төрийн албаны тухай хуулийн заалтад тусгаж ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд төрийн албан хаагчийг шууд ажлаас нь чөлөөлдөг байхаар зохицуулахаар шийдвэрлэснийг онцлон тэмдэглэв. Ингэхдээ, төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох, ажлын байранд бэлгийн дарамт учруулахгүй байх зэрэг заалтыг нарийвчлан тусгах хэрэгтэйг Засгийн газрын гишүүд санал болгожээ. Тухайлбал, Олон улсын байгууллагад таван секундээс дээш хугацаанд ширтэж харахыг бэлгийн дарамт гэж үздэг зэргийг тусгах санал гарсныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дурдав. Мөн бизнес ангиллаар зорчихгүй байх, албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх зэрэг заалтыг оруулж боловсруулах бөгөөд үүнийг ном болгон хэвлүүлж төрийн албан хаагч, олон нийтэд тараах шаардлагатай хэмээн үзжээ.

 

Leave a Reply