УИХ-ын чуулганаар 2020 оны төсвийг хэлэлцэнэ

, , Leave a comment

УИХ-ын даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар, УИХ-ын ирэх долоо хоногийн ажлын хөтөлбөрийг баталжээ. Ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийнэ. Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх юм.

Түүнчлэн, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай зэрэг хуулийн төсөл багтаж байна.

Үндсэн хуулийн цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-тэй холбоотой зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, хүчингүй болгох 04 дүгээр тогтоолоо гаргасан. Үүнтэй холбогдуулан ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Чуулганы хэлэлцэх асуудлын төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар’ тавьсан асуулгын хариуг сонсоно.

 

Leave a Reply